Баффет, Карри нартай зоог барих эрх 9 сая долларын үнэ хүрчээ

САН-ХОСЕ, 2026 оны тавдугаар сарын 16 /Reuters/. Алдарт хөрөнгө оруулагч Уоррен Баффет болон сагсан бөмбөгийн од Стивен Карри нартай нэг үдшийг хамт өнгөрүүлж, оройн зоог барих эрхийг үнэ хаялцуулсан буяны дуудлага худалдаагаар сая сая ам.доллар цугларчээ. 

“eBay” платформ дээр долоо хоногийн турш үргэлжилсэн дуудлага худалдааны ялагч У.Баффет, С.Карри болон түүний гэргий Айеша Карри нартай оройн зоог барих боломжийн төлөө 9 сая ам.доллар төлөхийг зөвшөөрсөн байна. Хамгийн өндөр үнэ санал болгосон уг хүний нэрийг одоогоор нууцалж байна.

Энэхүү онцгой уулзалт зургаадугаар сарын 24-ний Небраска муж улсын Омаха хотод болно. Тус хотод У.Баффетын удирддаг үндэстэн дамнасан “Berkshire Hathaway” компанийн төв байр байрладаг.

Дуудлага худалдаанаас цугларсан хөрөнгийг “Glide Foundation”, “Eat. Learn. Play.” сангуудад хандивлах ажээ. У.Баффет ялагчийн хандивласан дүнг эдгээр санд тус бүрд нь хоёр дахин нэмэгдүүлж өгөхөө амласан байна. 

“Glide Foundation” сан нь У.Баффетаас олон жилийн турш дэмжлэг авч байгаа бөгөөд тэрбээр 2000-2022 оны хооронд ийм төрлийн цуврал дуудлага худалдаагаар тус санд 53 сая гаруй ам.доллар цуглуулахад тусалж байжээ. Харин “Eat. Learn. Play.” санг Стивен, Айеша Карри нар үүсгэн байгуулсан бөгөөд хүүхдийн хоол тэжээл, боловсрол болон идэвхтэй амьдралын хэв маягийг хөгжүүлэх асуудалд анхаарал хандуулдаг байна.

Стивен Карри бол Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) хамгийн алдартай тоглогчдын нэг, лигийн дөрвөн удаагийн аварга, хоёр удаагийн үнэ цэнтэй тоглогч (MVP) юм.

Өдгөө 95 настай Уоррен Баффет нь “Berkshire Hathaway” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга хэвээр байгаа бөгөөд өөрийн хөрөнгийн дийлэнх хэсгийг буяны үйлсэд зориулдаг дэлхийн нэр нөлөө бүхий буяны үйлстэн билээ.

У.Баффеттай оройн зоог барих эрхийг үнэ хаялцуулах дуудлага худалдаа өмнө нь ч мөн “eBay” платформ дээр дээд амжилт тогтоож байсан бөгөөд 2022 онд 19 сая ам.доллар санал болгосон нь энэ төрлийн дуудлага худалдааны түүхэн дэх хамгийн өндөр дүнгүүдийн нэг хэвээр байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн