Уншигчдын хүсэн хүлээдэг номын баяр эхэллээ

Уншигчдын хүсэн хүлээдэг “Номын баяр” 39 дэх удаагаа Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр эхэллээ.

“Номын баяр”-т дунджаар 300 мянга гаруй уншигч хүрэлцэн ирж, 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 орчим зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, эрдэмтэн судлаач тогтмол оролцдог болжээ.  Номын баярт оролцож буй номын хэвлэлийн газар, дэлгүүрүүд энэ удаад ямар номыг онцолсон болон залуус ямар номыг илүү сонирхож байгаа талаар тодруулсан юм.


“Тагтаа паблиншинг”-ийн Гүйцэтгэх захирал Б.Дэлгэрмаа “Энэ удаа бид БНСУ-ын хэвлэлийн газар ажилладаг Пэк Сэхи бүсгүйн сэтгэл засалчтай ярилцсан тэмдэглэлээс бүрдэх, баримтат төрөлд хамаарах “Үхмээр байна, гэхдээ бас догбуги идмээр байна” номны хоёрдугаар дэвтрийг хэвлэсэн. Өнгөрсөн хавар анхны дэвтрийг нь худалдаанд гаргаснаас хойш “Бэст селлэр”-ийн нэг, хоёрт явсаар байгаа. Пэк Сэхи өнөөдөр олон улсад танигдсан зохиолч болж, энэ ном нь 25 орны хэлээр орчуулагдаад байгаа. Мөн Израилын зохиолч Этгар Керретийн “Бурхан болохыг хүсдэг автобусны жолооч” номыг саяхан гаргасан. Богино зайд эмгэнэлт, эмзэг сэдвийг санаанд оромгүйгээр бичдэг зохиолчийн бэсрэг өгүүллэг уншигчдад маш таалагддаг. Манай уншигчид голдуу 20-30 насныхан байдаг. Үүнээс гадна БНСУ-ын зохиолч Сун Вон Пёнгийн “Бүйлс” романыг ихээр авч уншдаг. Энэ роман нь түүний анхны бүтээл ч 2016 онд хэвлэгдсэнээсээ хойш 20-иод хэлээр орчуулагдаж, сая гаруй хувь зарагдсан шилдэг бүтээл юм. Одоогоор бид 80 орчим ном хэвлээд байгаа. Ер нь уншигчдын ямар ном сонирхож уншихыг урьдчилж таахад хэцүү. Гэхдээ залуу уншигчид голдуу Ази зохиол их сонирхохоос гадна монголынхоо зохиолчдын номыг ч асуудаг. Манайх монгол зохиолчдынхоо номыг эн тэнцүү гаргахыг хичээдэг”.  


Уншигчдын хүсэн хүлээдэг номын баяр эхэллээ“Интерном” номын дэлгүүрийн Үйл ажиллагаа хариуцсан менежер Э.Мөнхзагар “Манайх номын баярт 38 дахь удаагаа оролцож байна. Энэ жил залууст зориулсан манга болон хүүхдийн комик номын төрөлд түлхүү анхаарсан. Асартаа уран зохиол, баримтат, хүүхдийн гээд 700 гаруй нэр төрлийн ном худалдаж байна. Залуусын зарим нь эртний сонгодог уран зохиол сонирхож байгаа бол нөгөө хэсэг нь орчин үеийн шинэлэг, трэнд болоод буй манга комикыг англи хэлээр сонирхож байна. Манай дэлгүүр тэдгээр номыг албан ёсны эрхтэй оруулж ирдэг учир сонголт их байгаа. Бид нэлээн олон шинэ номтой ирсэн. Жишээ нь монголчуудын маш сайн мэддэг “Кофе хөрөхөөс өмнө” номын “Баяртай гэж хэлэхээс нь өмнө” 4 дэх цуврал, мөн “Шөнө дундын номын сан” уран зохиолын номыг өнөөдөр шинээр худалдаж байна. “Интерном” дэлгүүр “Монгол хүн” төсөл хэрэгжүүлж, “Зууны манлай уртын дуучин” Н.Норовбанзад, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батманх зэрэг монголын алдартай хүмүүсийн намтар, дурсамжаар ном гаргадаг. Энэ удаад Монголд ардчиллын анхдагчдын нэг С.Зориг агсаны тухай намтар, уран бүтээлийн зурагт номыг гаргаад байгаа”.  


“Акай нар” паблиншингийн үүсгэн байгуулагчийн нэг Б.Болормаа, “Япон улсад зурагт номын чиглэлээр 18 жил ажиллан, “Акай нар” хэвлэлийн газар байгуулсан. Японд хэвлэсэн 30 орчим зурагт номоо монголын хүүхэд багачуулд танилцуулахаар авчирснаас гадна хоёрыг нь монгол хэлээр хэвлүүлснээ энэ удаагийн баярт дэлгээд байна. Японы Соёлын яамнаас 2016 онд сайшаан шалгаруулсан “Туяагийн нүүдэл”, “Сенжигийн шинэ байшин” үлгэрийн номоо монгол хэлээр гаргасан. Залуус японы болон олон улсын зурагт номын стандарт ямар байдгийг их сонирхож асууж байна. Номноос гадна гар аргаар хийсэн 800 жилийн түүхтэй япон цаасан дээр хийсэн ил захидал, номын хавчуурга гэхчлэн олон янзын бүтээгдэхүүн сонирхуулж байна. Зурагт номыг эцэг эхчүүд мангатай хольж ойлгоод байдаг. Манга бол интэртайнмент талдаа зурагт ном бол хүүхдэд зориулсан уран зохиол юм. Манай хэвлэлийн газрынхан зурагт ном гэх ойлголтыг хүүхэд залуус, эцэг эхчүүдэд зөвөөр ойлгуулахыг хүсэж байна. Зурагт ном хийх стандарт бий. Бид олон улсын чанар, шаардлага хангасан зурагт номыг түгээн дэлгэрүүлэхийг зорьж байна. Японд 70-80 жилийн түүхтэй зурагт номыг монголд сүүлийн арваад жилд хэвлэж эхэлсэн шинэ салбар юм”.


“Аз хур” номын дэлгүүрийн менежер О.Мөнхгэрэл “Энэ удаад бид хүүхдийн болон нийтийн маш олон шинэ бүтээлтэй оролцож байна. Тэдгээрээс хоёр бүтээлийг онцолж, үүнийгээ 50 хувь хямд үнээр зарж байна. Нэг нь, дэлхий нийтээрээ дэлгэцийн хэрэглээ ихдээд буй энэ үед гаргасан “Түгшүүрт үеийнхэн”, нөгөөх нь насанд хүрэгчдэд зориулсан, романтик, адал явдалт “Өргөс ба сарнайн хошуу” ном. Өнөөдөр ажиглаж байхнээ уншигчид маш залуужсан байгаа нь бидэнд талархууштай санагдаж байна. Тэд голдуу хувь хүний хөгжил болон уран зохиол, адал явдалт ном сонирхож байна. Дөнгөж сая гэхэд нэг хүүхэд шал өөр ертөнцөд өрнөдөг адал явдалтай зөгнөлт зохиол байна уу гэж асууж байх жишээний. Уншигчдын тал хувь нь унших номоо сонгочихсон ирдэг бол тал нь харж байгаад таалагдсанаа авдаг. Манайх саяхан зорилтот бүлэгтээ зориулан романы цуврал гаргасныг уран зохмиол шимтэн уншдаг хүмүүс нэлээн асууж ирж байгаа.  Мөн монгол богино өгүүллэгүүдийг хүүхэд багачууд, гэр бүлүүдэд зориулж зурагт ном хэлбэрээр гаргах “Өв өгүүллэг” цувралаа эхлүүлсэн. Цувралынхаа эхний зохиолоор бид Төрийн хошой шагналт зохиолч Ч.Лодойдамбын “Шаргачин” өгүүллэгийг зохиолчийн эрхийн зөвшөөрөлтэй сонгож гаргасан” гэлээ.

Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллага 39 дэх удаагийн номын баяраараа ерөнхий боловсролын сургуулийн сурагчид уншихад зориулан “Байгаль экологийн тухай 50 ном”-ыг санал болгож байна. Энэ нь байгаль орчныг хамгаалах, экологийн боловсролыг түгээх, хүн ба байгалийн зохистой харилцааг төлөвшүүлэхийг зорилготой ажээ.  

“Номын баяр” энэ сарын 17 дуустал үргэлжилнэ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн