ТХГН-ийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Дарьганга суманд хэлэлцүүлэв

 Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг Сүхбаатар аймгийн Дарьганга суманд тавдугаар сарын 14-нд боллоо.

Хэлэлцүүлэгт Дарьганга, Наран сумын ИТХ, ЗДТГ, хамгаалалттай газар нутагт аялал жуулчлал эрхэлдэг аж ахуйн нэгжүүд, тусгай хамгаалалттай газар нутаг/ ТХГН/ дотор болон орчны бүсэд амьдардаг малчин иргэдийн төлөөлөл 60 орчим хүн оролцов. Хэлэлцүүлгийг хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүд болон Дарьгангын Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хамтран зохион байгуулсан юм.

Оролцогчид байгалийн цогцолборт газрын бүсүүдийн дэглэм, газар ашиглалт, байгаль, малчин ахуй, уламжлалд түшиглэсэн аялал жуулчлалыг тусгай хамгаалалттай газар нутагт хөгжүүлэх талаар хэлэлцэж, үүнтэй холбоотой хуулийн зохицуулалтад санал өгөв. Мөн түүнчлэн  малчдын өвөлжөө-хаваржааны доорх газрыг урт хугацаанд тогтвортой ашиглах, бусдад шилжүүлэх, бүртгэлжүүлэх, баталгаажуулах асуудлыг хөндөж амьдрал дээр тулгамдаж байгаа хүндрэлтэй нөхцлийг хуулийн төсөлд тусгаж өгөх нь чухал гэсэн юм. 

Түүнчлэн Дарьгангын БЦГ-ын дотоод бүсчлэлийг байгалийн үнэт зүйлс, зэрлэг амьтдын амьдрах орчин, шилжилт хөдөлгөөн, сумын иргэдийн нийгэм, эдийн засгийн хэрэгцээ зэрэг асуудлын тэнцлийг харгалзсан байдлаар шинжлэх ухааны судалгаа, тооцоон дээр үндэслэн тогтоох талаар санал бодлоо илэрхийлж, хуулийн шинэчилсэн найруулгад энэ талаарх зохицуулалтыг тодорхой оруулах нь зүйтэй гэв.

ТХГН-ийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Дарьганга суманд хэлэлцүүлэв

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн