Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баг Өвөр Монголын Улаанцав хотын “Хунфү” хөдөө аж ахуйн компанийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус компани нь Бээжин хотын Дашин дүүрэг болон Улаанцав хотын хамтын ажиллагааны хүрээнд байгуулагдсан орчин үеийн хүлэмжийн аж ахуй бөгөөд хүлэмжийн тариалан, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдаа, хүнсний ногооны боловсруулалт, хадгалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Компанийн ажилтны мэдээлснээр, хүлэмжинд тарьсан улаан лоолийг жилд 10 сарын турш хураан авах боломжтой. Нийт 30 га талбайд хүнсний ногоо тариалж, жил бүр 10 мянган тонн нарийн ногоо хураан авч дотоодын болон олон улсын зах зээлд нийлүүлдэг байна.

“Хунфү” компани нь орчин үеийн технологи, хүлэмжийн аж ахуйн шинэ тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, органик тариалалтын чиглэлээр үлгэр жишээ аж ахуйн нэгж болжээ. Тухайлбал, БНХАУ-ын “Sam’s Club”, “Metro” зэрэг дээд зэрэглэлийн супермаркетуудад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байна. Мөн тус компани 2023 оноос “Газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хослуулан хөгжүүлэгч хотын тэргүүлэх аж ахуйн нэгж”-ээр шалгарчээ.
Үүнээс гадна “Хунфү” хөдөө аж ахуйн компани нь их, дээд сургууль, орон нутгийн засаг захиргаа болон аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааны платформ байгуулан ажиллаж байгаа юм. Тус компани нь Хятадын Хөдөө аж ахуйн их сургууль, Хятадын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи, Бээжингийн Хөдөө аж ахуйн их сургууль, Өвөр Монголын их сургуулийн Цэцэрлэгжүүлэлтийн дээд сургууль зэрэг байгууллагуудтай хамтран “үйлдвэрлэл-сургалт-судалгаа”-ны төсөл хэрэгжүүлж, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд анхаарч байгаа аж. Түүнчлэн орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, орлогыг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулж дэмжлэг үзүүлдэг байна.

