НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 оноос эхлэн жил бүрийн тавдугаар capын 15-ныг “Олон улсын гэр бүлийн өдөр” болгон зарласан.
Энэ өдөр нь гэр бүлийн ач холбогдлыг онцолж, дэлхий даяарх гэр бүлүүдийн өмнө тулгарч буй асуудлуудыг олон нийтэд таниулах зорилготой юм. Энэ жил уг өдрийг “Гэр бүл ба уур амьсгалын өөрчлөлт” уриан дор тэмдэглэж байна. Энэ нь холбоог бэхжүүлэх, сайн сайхан байдлыг дэмжих, хайртай хүмүүсээ үнэлэхэд зориулсан НҮБ-ын өдөр юм. Харин манай улсад 2003 оны “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дагуу 23 дахь жилдээ тэмдэглэж байна.
Гэр бүл бол нийгмийн үндсэн нэгж бөгөөд эрх тэгш, хүртээмжтэй, сайн сайхан нийгмийг байгуулахад чухал үүрэгтэй. Нийгмийн суурь болсон гэр бүл халамж, дэмжлэгийг мэдрэх хамгийн анхдагч орчин бөгөөд үеийн үед үнэт зүйлсийг өвлүүлэх талбар юм. Аливаа бэрхшээл, хямралыг ч амар тайвнаар даван туулах хүч тэнхээ өгдөг бидний хамгийн дотно орчин бол гэр бүл. Энэ өдөр гэр бүлийн сайн сайхан, эрх тэгш байдлыг хангахын тулд боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийн боломжуудад хүрэх тэгш, хүртээмжтэй орчныг дэмжсэн эрх зүй, бодлогын таатай орчныг бүрдүүлэх шаардлагатайг НҮБ-аас уриаллаа. Гэр бүлд хандсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь илүү тогтвортой, хүртээмжтэй ирээдүйд хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг.
Ташрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газраас төрийн албан хаагчдаа амралтын өдрүүдэд ажиллуулахгүй байх шийдвэр гаргасан. Энэ нь гэр бүлийг дэмжсэн бодлогын нэг хэлбэр юм.