Милан Кортина 2026
АПУ ХК-ийн дэмжлэгтэйгээр бэлтгэв.
Милан Кортина 2026 өвлийн олимпын нээлтийн ёслолын үйл ажиллагаа Монголын цагаар өнөөдөр/2026.02.06/ шөнө буюу Бямба гаригт шилжих шөнө 03:00 цагаас эхэлнэ. Энэ удаагийн олимпын нээлт олон талаараа дэлхий нийтийг анхаарлыг татаж байна.
Нэн тэргүүнд олимпын нээлтийг найруулж буй “Balich Wonder” студийн захирал Марко Балич нь өмнө нь олимпын 13 нээлт, хаалтыг хариуцан ажилласан нэгэн. Тиймээс эх орондоо болж буй олимпод илүү сэтгэл дэвсэж, онцгой бүтээл туурвина гэдэгт итгэж буй хүн олон.
Нээлтийн уран бүтээлчдээр Мэрэйя Кэри, Андреа Бочелли, Пирфранческо Фавино, Сабрина Импаччаторе, Лаура Паусини, Лан Лан, Сецилиа Бартоли, Гали нар оролцоно.

Энэ удаагийн олимпын наадмын нээлтийн найруулагч Мариа Лаура Иасконегийн хэлснээр ирээдүйн олимпын стандартыг Милан Кортина 2026 тогтоох гэнэ.
Тэрбээр “Анх удаагаа бид нээлтийг олон газар зэрэг хийж, стандарт тогтооно. Олон газрыг бид наадмын тайз болгох санаатай. Милан, Кортина гэсэн зохион байгуулагч хотуудаас эхлээд Ливиньо, Предаццо хотууд хүртэл тамирчдын жагсаал үргэлжилнэ. Мөн Милан, Кортина хотуудын тулганд бамбарын галыг асаана” гэв.
Нээлтийн ёслолын үйл ажиллагаанд Италийн гоо сайхан, дэгжин байдал, хөгжим, урлагийг шингээх гэнэ. Түүнчлэн тогтвортой хөгжил, энх тайванд анхаарлаа хандуулахыг сануулсан далд мессежийг агуулах аж.
Мариа Лаура Иасконе үргэлжлүүлэн ярихдаа “Улс орон бүр олимпын нээлтээр өөрсдийн соёл, үнэ цэнийг харуулахыг хүсдэг. Тэд ирээдүйн үр хойчдоо мессеж болох өвийг үлдээхийг хүсдэг. Арга нь, зорилго нь л өөр байдаг. Гэхдээ хүн бүрийн бодолд, зүрхэнд ул мөрөө үлдээхийг гол зорилгоо болгодог” гэлээ.