Унгарын шинэ Засгийн газар бүрджээ

Дөрөвдүгээр сарын 12-нд болсон парламентын сонгуульд ялсан “Тиса” намын удирдагч Петер Мадьяар тэргүүтэй Унгарын шинэ засгийн газар байгуулагдлаа. Тус улсын Ерөнхийлөгч Тамаш Шуйокагийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, Үндсэн хуулийн дагуу тэрбээр Ерөнхий сайдын танилцуулсан, парламентын гишүүдийн дэмжлэгийг авсан 16 сайдыг томилох тухай зарлигт гарын үсэг зурсан байна.

Унгарын төрийн тэргүүний албан ёсны өргөө болох Шандорын ордонд шинэ засгийн газрын гишүүдэд үнэмлэх гардуулах ёслолын ажиллагаа болж, үндэсний телевизийн сувгуудаар шууд дамжуулжээ. Одоо тэд парламентад тангараг өргөх бөгөөд үүний дараа үүрэгт ажилдаа албан ёсоор орох юм. Шинэ засгийн газрын анхны хуралдаан өнөөдөр болно. Виктор Орбан тэргүүтэй өмнөх засгийн газар огцорсон байна. “ФИДЕС – Унгарын иргэний холбоо” нам 16 жилийн турш тасралтгүй засагласны эцэст ийнхүү сөрөг хүчин болж байна.

Унгарын шинэ засгийн газар 15 яам (өмнөхөөс 5-аар олон), мөн Ерөнхий сайдын хэрэг эрхлэх газраас бүрдэх бөгөөд хэрэг эрхлэх газрын дарга Балинт Руфф сайдын зэрэг зиндаатайгаар ажиллах юм. Гадаад хэргийн яамыг Анита Орбан тэргүүлэх бөгөөд тэрбээр 10 гаруй жилийн өмнө тус яаманд тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байгаад дараа нь Их Британийн нийслэл Лондон хотод олон улсын томоохон компаниудад хариуцлагатай албан тушаал хашиж байжээ.

Унгарын Эдийн засаг, эрчим хүчний шинэ сайд Иштван Капитань мөн Лондонд ажиллаж байсан бөгөөд тэрбээр газрын тос, байгалийн хийн “Shell” корпорацын дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байв. Батлан хамгаалахын сайдын албан тушаалд Ромулус Русин-Сенди томилсон байна. Тэрбээр хоёр жилийн өмнө Унгарын зэвсэгт хүчний Ерөнхий штабын даргын албан тушаалаас “эрх мэдлээ хэтрүүлсэн” гэх үндэслэлээр чөлөөлөгдөж байсан юм.

П.Мадьяарын байгуулсан шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд улс төрийн томилгооны хүмүүсээс гадна туршлагатай мэргэжилтнүүд багтсан байна. Тухайлбал, Будапештын нийтийн тээврийн салбарыг өмнө нь хариуцаж байсан Давид Витезийг Тээвэр, хөрөнгө оруулалтын шинэ сайдаар томилжээ. Мөн харааны бэрхшээлтэй, айкидогийн хар бүстэй Вилмош Катаи-Неметийг Нийгэм, гэр бүлийн асуудал эрхэлсэн сайдаар томилсон нь олны анхаарлыг татлаа. Шинэ Засгийн газарт нийт дөрвөн эмэгтэй багтсан бөгөөд тэдэнд Гадаад хэргийн яам, Хууль зүйн яам, Боловсролын яам болон Нутаг дэвсгэрийн хөгжлийн яамыг хариуцуулжээ. Өмнөх Засгийн газарт нэг ч эмэгтэй сайд байгаагүй юм.

П.Мадьяр Засгийн газрын албан ёсны гурван төлөөлөгчийг томилсноо мэдэгдсэн бөгөөд тэд бүгд Унгарын янз бүрийн телевизийн сувгуудад ажиллаж байсан эмэгтэйчүүд юм.  

Сонгуулийн кампанит ажлын үеэр болон сонгуульд ялсныхаа дараа П.Мадьяр авлигатай тэмцэж, хууль дээдлэх зарчмыг сэргээнэ гэж мэдэгдэж байв. Түүний Засгийн газар Европын Холбоо, НАТО-гийн түншүүдтэй хамтын ажиллагаагаа сэргээхийг зорьж байгаа хэдий ч Украинд зэвсэг, цэрэг илгээхгүй, мөн тус улсыг ЕХ-нд яаравчлан элсүүлэхийг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн байна. ОХУ-ын талаар баримтлах бодлогын хувьд Унгарын шинэ Засгийн газар прагматик бодлого баримталж, үндэсний ашиг сонирхлоо эн тэргүүнд тавих ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн