ЛОНДОН, 2026 оны тавдугаар сарын 13 /Reuters/. Нутаг дэвсгэр лүү нь довтолсны харуд Саудын Арабаас Иранд хэд хэдэн удаа цохилт өгсөн тухай “Reuters” агентлаг нэрээ нууцалсан барууны хоёр, Ираны хоёр албан тушаалтныг эш татан мягмар гарагт мэдээлжээ.
“Эдгээр цохилт нь тус хаант улс Ираны нутаг дэвсгэрт шууд цэргийн ажиллагаа явуулсан анхны тохиолдол болж байна. Энэ нь Саудын Араб өөрийгөө хамгаалахдаа илүү итгэлтэй болсныг илтгэж байна” гэж “Reuters” мэдээлсэн байна.
Барууны хоёр албаны хүний мэдээлснээр, Саудын Араб ойролцоогоор гуравдугаар сарын сүүлчээр цохилт өгсөн байна. Эх сурвалжуудын нэг нь үүнийг “Саудын Арабын нутаг дэвсгэрт өгсөн цохилтын хариуд хийж буй алхам” гэж тодорхойлжээ.
Саудын Арабын Иранд өгсөн цохилтын бай тодорхойгүй байна. “Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ талаарх мэдээлэл гарах үед Ираны нутагт өгсөн Саудын Арабын цохилтын байнуудыг тогтоож чадаагүй байна. Тус улсын Гадаад хэргийн яамны өндөр албан тушаалтан цохилт өгсөн эсэх тухай асуултад шууд хариулт өгөөгүй бол Ираны Гадаад хэргийн яам сэтгүүлчдийн тайлбар авах хүсэлтэд хариу ирүүлээгүй байна.
Саудын Араб нь Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн холбоотон улс юм. Тус улс уламжлал ёсоор АНУ-ын хамгаалалтад найддаг боловч Ираны эсрэг АНУ, Израилын дайны явцад Ираны тал АНУ-ын хамгаалалтын “шүхрийг” хэд хэдэн удаа нэвтэрч чадсан гэж “Reuters” агентлаг бичжээ.
Үүний өмнөхөн “The Wall Street Journal” (WSJ) сонинд мөн мэдээлэл бүхий эх сурвалжаас эш татан, дөрөвдүгээр сарын эхээр Арабын Нэгдсэн Эмирт Улс (АНЭУ) мөн Иран руу довтолсон гэж мэдээлсэн байна. Хэдийгээр АНЭУ-ын эрх баригчид үүнийг албан ёсоор батлаагүй байгаа боловч WSJ-ийн мэдээлснээр, тус улсын өгсөн цохилтын байнуудын нэг нь Ираны Лаван арал дээрх газрын тос боловсруулах үйлдвэр байжээ.
WSJ сонинд бичсэнээр, дайн эхэлснээс хойш Иран улс АНЭУ руу нийт 2800 орчим дрон болон пуужингаар довтолсон байна.