Өлсгөлөнгөөс эхлээд цөмийн дайн хүртэл хойд солонгосчуудад санаа зовох зүйл мундахгүй их. Гэтэл хориг арга хэмжээнд баригдсан, дэлхийн хамгийн хүндхэн эдийн засагтай улсад машины зогсоол хүртэл асуудал болоод байна. Тус улсад саяхан очоод ирсэн эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Хойд Солонгосын нийслэл Пёньянд анх удаа автомашины түгжрэл хэрээс хэтэрч, шинэ зогсоол болон цахилгаан автомашин цэнэглэх дэд бүтцийн хэрэгцээ шаардлага үүсчээ.
Төдийлөн өндөр хөгжилтэй бус Хойд Солонгост автомашины соёл цэцэглэн хөгжиж байгаа нь анхаарал татахуйц үзэгдэл. Хөгжлийн тод жишээ тус улсад хаа сайгүй харагдах болов. Тухайлбал, Пёньяны хэд хэдэн зочид буудлын зогсоол автомашинаар дүүрч, зарим нь бүр ойролцоох гудамж руу халин гарчээ. Мөн “Gold Lane” боулингийн төв болон хүнсний худалдааны захын орчимд автомашинууд эгнэн байрлах болсон байна.
Удирдагч Ким Жон Ун өнгөрсөн сард автомашины засвар үйлчилгээний төвөөр зочлон, төрөл бүрийн автомашин шалгаж үзсэн нь энэ чиг хандлагыг шууд бусаар баталсан үйлдэл болсон юм.
НҮБ-ын хоригийн дагуу Хойд Солонгос руу автомашин экспортлох хориотой. Тиймээс автомашины худалдаа албан ёсны статистикт шууд тусгагдаагүй байдаг. Гэвч Хятадаас нийлүүлж буй дугуй, толь, тос тосолгооны материал зэрэг автомашинтай холбоотой барааны нийлүүлэлт эрс өсч байгааг Хятадын гаалийн мэдээлэл харуулж байна.
Хойд Солонгос улсад иргэн хүн автомашин эзэмших эрхийг хоёр жилийн өмнөөс баталгаажуулсан. Энэ үеэс хойш автомашины тоо тасралтгүй өссөн гэхэд болно. Гэхдээ шинжээчдийн үзэж буйгаар автомашин эзэмших нь одоогоор голчлон дээд давхаргынхан болон бизнес эрхлэгч шинэ баячуудын хүрээнд хязгаарлагдмал хэвээр байна.
“Reuters” агентлаг хиймэл дагуулын зураг ашиглан Хойд Солонгосын автомашинжиж буй зам, талбайг судалжээ. Үр дүнд нь Хойд Солонгост автомашины хөдөлгөөн үнэхээр нэмэгдэж, гадаадын брэндийн автомашинууд олширсныг баталсан байна.
Автомашин хэт ихэсч буй нь тус улсын дүр төрхийг өөрчлөхийн зэрэгцээ Хятадаас хамааралтай байдал нэмэгдэж буйг гэрчилнэ. Хятад бол Хойд Солонгосын гол түнш. Авто зам дээрх машинууд ч дийлэнх нь Хятадынх байна.