Японы Далай-Дэлхийн шинжлэх ухаан, технологийн агентлаг болон бусад байгууллагын судлаачид тус улсын эргэн тойрон дэх далайн гүний хоёр бүсээс 38 шинэ төрөл зүйл илрүүлжээ. Судлаачдын баг 2025 оны зургаадугаар сард “Shinkai 6500” шумбагч аппаратыг ашиглан далайн гүний судалгаа хийж, амьтдын дээж цуглуулсан байна.
Тэд Нанкай хотгор орчмын таван байршлыг судалжээ. Үүнд Японы баруун хэсгийн Кейп Мурото орчмын 4,600 метрийн гүнтэй далайн ёроол, мөн Токиогийн өмнөд хэсэгт орших Изу болон Огасавара арлууд орчмын дөрвөн усан доорх галт уул багтсан байна. Судлаачид цуглуулсан дээжээ нарийвчлан шинжилсний үндсэн дээр хавч, далайн од, олон үст өт болон хясааны төрлийн 38 шинэ зүйл болохыг баталгаажуулжээ. Мөн шинээр илэрсэн байж болзошгүй өөр 28 зүйлийг үргэлжлүүлэн судалж байна.
Энэхүү нээлт нь далайн гүнд нууцлаг хэвээр байгаа маш олон амьд организм байсаар байгааг харуулж байна гэж судлаачид мэдэгджээ.
Судлаач Вананабэ Нироми хэлэхдээ, далайн ёроолын нөөцийг ашиглах зэрэг хүний үйл ажиллагаа далайд улам өргөжиж байгаа энэ үед энэхүү судалгаа нь байгаль орчинд үзүүлэх нөлөөг үнэлж, сөрөг нөлөөг багасгахад тусална гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.