“Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” үзэсгэлэн, олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлт боллоо

“Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” үзэсгэлэн, олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлт өнөөдөр Улаанбаатар хотноо боллоо.

“Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” үзэсгэлэн, олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлт боллоо

“Дилав хутагт сан”-гийн тэргүүн, Дилав хутагт Данзанламэд нээлтийн үеэр хэлэхдээ, “Дилав хутагтын үйл хэргийг үргэлжлүүлэх, өвлүүлэн үлдээхээр Дилав хутагт сан идэвхийлэн ажиллаж ирлээ. Дилав хутагт Б.Жамсранжав, АНУ-ын монголч эрдэмтэн Оуэн Латтимор нарын нөхөрлөл, тэдгээрийн үлдээсэн өвтэй холбоотой урьд өмнө нь олон нийтэд дэлгэж байгаагүй олон сайхан гэрэл зургийг энэ цаг мөчид дэлгэн үзүүлэх гэж байна. Энэ бол маш сайхан үйл явдал. Өнөөдрийн бидний оролцож байгаа “Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” үзэсгэлэн, олон улсын эрдэм шинжилгээний хурал нэрээсээ эхлээд олон талын хичээл зүтгэл, нөр их хөдөлмөр шаардагдсан болох нь илт харагдаж байна” хэмээн хэлсэн юм.

“Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” үзэсгэлэн, олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлт боллоо

Америкийн Монгол судлалын төвийн Суурин захирал, “Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” төслийн удирдагч М.Даваасүрэн, “Америкийн Монгол судлалын төв, Дилав хутагт сангийн санаачилгаар төр, шашны нэрт зүтгэлтэн Дилав хутагт Башлуугийн Жамсранжав, Америкийн нэрт монголч эрдэмтэн, өвөр ази судлаач Оуэн Латтимор нарын нөхөрлөл, амьдрал, үйл хэргийг сурталчлах зорилготой “Хутагт, Латтимор хоёр: Тив дамнасан өв” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд энэ цаг дор үзэсгэлэн, олон улсын эрдэм шинжилгээний хурал болон Дилав хутагтын өлгий нутагт боловсрол соёлын цогц хөтөлбөр ирэх өдрүүдэд зохион байгуулах гэж байна.   

“Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол, АНУ, Их Британи, Япон улсаас монгол судлалын тэргүүлэх эрдэмтэд оролцож, хоёр эрхмийн яндашгүй арвин өв санг олон талаас нь судалж шинжилсэн сонирхолтой илтгэлүүд тавьж хэлэлцүүлнэ. Үзэсгэлэнд Оуэн Латтиморын үр ач нараас Америкийн Монгол судлалын төвд 2024, 2026 онд хандивласан түүхэн гэрэл зураг, эд өлгийн зүйлсээс дэлгэхийн зэрэгцээ АНУ-ын Харвард, Жонс Хопкинс, Йэл, Пенсильванийн их сургуулийн архив, Конгрессын номын сангийн архив, шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнийн хувийн цуглуулга, Завхан аймгийн музей, Үндэсний төв архив, Үндэсний номын сан, ТЕГ-ын тусгай архив, Олон улсын монгол судлалын холбоо, ШУА зэрэг байгууллагад хадгалагдаж байсан баримт материалаас дэлгэн толилуулах гэж байна. Урьд өмнө нь олны хүртээл болж байгаагүй ховор нандин гэрэл зураг, өв үзмэрүүдийг та бүхэн энэхүү үзэсгэлэнгээс тольдох болно” гэлээ.

“Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” үзэсгэлэн, олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлт боллоо

ШУА-ийн гишүүн, Оуэн Латтимор судлалын нийгэмлэгийн тэргүүн, Түүхийн шинжлэх ухааны доктор, академич Ц.Батбаяр, “Дилав хутагт Б.Жамсранжав, АНУ-ын монголч эрдэмтэн Оуэн Латтимор нарын үерхэл нөхөрлөл, тэдний сэтгэл зүрхний харилцаа холбооны тухай энэ хэдэн өдөрт дэлгэх үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал, Завхан аймаг дахь үйл ажиллагаагаар дамжуулан олон нийтэд хүргэхийг зорьж байна. Оуэн Латтиморын өвийг судлах ажил Монгол Улсад нэлээд хугацааны өмнөөс эхтэй. Олон улсын монгол судлалын холбооны ерөнхийлөгч Ш.Бира гуай анх энэхүү ажлыг санаачилсан юм. Өнөөдөр бид Оуэн Латтиморын судлалыг улам гүнзгийрүүлж, Дилав хутагт тэр хоёрын амьдрал нөхөрлөлийн тухай өргөн хүрээтэй судалгааны шавыг тавьсандаа баяртай байна. Оуэн Латтимор гуай 1949 онд Дилав хутагтыг АНУ-д урьж аваачсан байдаг. Мөн Оуэн Латтимор гуай гэргийн хамт 1961 онд Монгол Улсад ирж, дараа жил нь “Нүүдэлчид ба комиссарууд” монголын тухай алдарт номоо бичиж, эл ном 1997 онд манай улсад орчуулагдан гарсан. Оуэн Латтиморыг Монгол Улсын ШУА-ийн анхны гадаад гишүүнээр 1968 онд сонгож, дараа жил нь хийсэн хүндэтгэлийн чуулганаар гадаад гишүүний дипломыг гардуулсан юм. Монгол Улс энэ хүний гавьяа зүтгэлийг гавьяаг үнэлж, 1981 онд “Алтан гадас” одонгоор шагнасан. Өнөөдөр бидний дунд Оуэн Латтиморын ач охин Анн Латтимор Прайс хамт сууж байгаад таатай байна” гэлээ.

“Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” үзэсгэлэн, олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлт боллоо

“Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” олон улсын үзэсгэлэн өнөөдрөөс ирэх сарын 12-ныг дуустал Монголын үндэсний музейд гарах бол олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 12, 13-нд тус музейд болох юм. Мөн олон улсын эрдэмтэн судлаачид, төслийн оролцогч талуудын төлөөлөл Завхан аймагт ажиллаж, олон нийтийн лекц, уулзалт хэлэлцүүлэг, үзэсгэлэнгийн бичил хувилбарыг дэлгэн, боловсрол, соёл, танин мэдэхүйн цогц үйл ажиллагааг зохион байгуулна. 

“Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” төсөл нь Монголын шашин, төрийн нэрт зүтгэлтэн, төрийн сайд Дилав хутагт Жамсранжав хийгээд түүний итгэлт нөхөр, Америкт монгол судлалыг үндэслэсэн нэрт эрдэмтэн Оуэн Латтимор нарын насан туршийн нөхөрлөл хийгээд тэдний амьдрал, үзэл санаа, үйл хэрэг, тив дамнан үлдээсэн өвийг дэлгэрүүлэх, таниулан сурталчлахад чиглэж буй.  

“Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” үзэсгэлэн, олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлт боллоо

“Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” үзэсгэлэн, олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлт боллоо

“Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” үзэсгэлэн, олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлт боллоо

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн