Улаанбаатар2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) АНУ, Мексик, Канад гэсэн Хойд Америкийн гурван улсын 16 хотын 16 цэнгэлдэх хүрээлэнд зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ний өдрүүдэд болох гэж байгаа билээ. Энэ удаагийн ДАШТ-д түүхэнд анх удаа 48 орны шигшээ багууд өрсөлдөнө.
Хүн төрөлхтний их баяр цэнгэл наадам болох хөл бөмбөгийн ДАШТ болох гэж байгаатай холбогдуулан уншигчдадаа дэлхийн хамгийн том спортын баярын түүхийг цувралаар хүргэж байна.
Хөл бөмбөгийн ДАШТ-1958
1954 онд Швейцарын Берн хотод болсон ФИФА-гийн конгрессоор зургаа дахь удаагийн хөл бөмбөгийн ДАШТ-ийг Швед улсад зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Уг тэмцээн 1958 оны зургаадугаар сарын 8-29-ний хооронд Шведийн 12 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрсөн түүхтэй.
Тус тэмцээнд нийт 16 улсын шигшээ баг хурд хүчээ сорьсноос Европ тивээс Австри, Англи, Унгар, ХБНГУ (1954 оны аварга), ЗХУ, Умард Ирланд, Уэльс, Франц, Чехословак, Шотланд, Швед (зохион байгуулагч), Югослав гэсэн 12 улсын шигшээ баг, Өмнөд Америкаас Аргентин, Парагвай, Бразил улсын багууд, Хойд болон Төв Америкаас Мексикийн баг цомын төлөө өрсөлджээ.
Энэ удаагийн ДАШТ-ий зохион байгуулалт өмнөх (1954 оны) тэмцээнээс ялгаатай байв. Нийт 16 баг дөрвөн хэсэгт хуваагдаж, хэсэг бүрд багууд тойргоор хоорондоо тоглосон нь гол онцлог байлаа.
Домогт хөлбөмбөгчин, хожим “Хөл бөмбөгийн хаан” хэмээгдсэн Пеле 17 настайдаа анхны ДАШТ-дээ оролцсон нь 1958 оны ДАШТ байсан бөгөөд тэрбээр 6 гоол оруулснаар Бразилын шигшээ баг түүхэндээ анх удаа дэлхийн аварга цол хүртэв.
“ДАШТ-1958”-д ЗХУ, Умард Ирланд, Уэльсийн шигшээ багууд анх удаа оролцсон бөгөөд гурвуулаа хэсгээсээ шалгарч байв. Францын довтлогч Жюст Фонтен 13 бөмбөг оруулсан амжилтаар тэмцээний шилдэг мэргэн буучаар тодорчээ.
