Ноос, ноолуур, арьс ширний салбарын үйлдвэрлэгчид 1800 мод тарив

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ноос, ноолуур, арьс ширний салбарын үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоод “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнөөр нэгдэн, хаврын мод тарих өдөрлөгийг “Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн”-д энэ сарын 9-нд зохион байгууллаа.

Мод тарих аянд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан, “Цагаан алт” ТББ, Монголын ноос ноолуурын холбоо, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо болон салбарын үндэсний үйлдвэрлэгчид оролцов. Мөн ШУТИС-ийн Үйлдвэр технологийн сургуулийн төлөөлөл болон тус хөдөлгөөнийг хамтран хэрэгжүүлэгч арилжааны банкуудын төлөөлөл идэвхтэй оролцсон юм.

Энэхүү ажил нь салбарын үйлдвэрлэгчид зөвхөн “Цагаан алт” буюу малын гаралтай түүхий эдээ боловсруулж эдийн засгаа тэлээд зогсохгүй, байгаль орчныг хамгаалах дэлхий нийтийн үйлсэд нэгдмэл хүчээр оролцож буйн тод илрэл болсныг ХХААХҮЯ мэдээлэв.

Өдөрлөгт “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 100 гаруй аж ахуйн нэгжийн 500 орчим төлөөлөл нэгджээ.

Өдөрлөгийн хэмжээнд нийт 2700 мод тарьснаас хөнгөн үйлдвэрийн салбарынхан 1800 модыг шинээр суулгаж, байгаль эхээ нөхөн сэргээх үйлсэд бодит хувь нэмэр оруулсан байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш улс орон даяар нийт 120  сая гаруй мод шинээр тариад байна.

 Ноос, ноолуур, арьс ширний салбарын үйлдвэрлэгчид 1800 мод тарив

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн