МЕХИКО, 2026 оны тавдугаар сарын 9 /Reuters/. Мексик улсын Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум баасан гарагт мэдэгдэл хийхдээ, хэт халалт болон хөлбөмбөгийн ДАШТ-тэй холбогдуулан сурагчдын зуны амралтыг нэг сараар наашлуулах тухай Боловсролын сайдын шийдвэрийг хараахан эцэслэн батлаагүй байгааг онцлов.
Тэрбээр өглөө бүр хийдэг уламжлалт хэвлэлийн бага хурлынхаа үеэр сэтгүүлчдэд хандан “Хичээлийн хуваарьт өөрчлөлт оруулж, хугацааг богиносгох асуудлаар эцсийн шийдвэр, тодорхой тов гараагүй байна” гэлээ.
Өнгөрсөн пүрэв гарагт тус улсын Боловсролын сайд Марио Дельгадо “X” олон нийтийн сүлжээгээр дамжуулан хичээлийн жилийг наашлуулах талаар мэдээлсэн юм. Тэрбээр хэт халалт ба хөлбөмбөгийн ДАШТ-ээс үүдэн Боловсролын удирдах ажилтнуудын үндэсний зөвлөл уг шийдвэрийг баталсан гэж мэдэгдсэн байна.
Уг төлөвлөгөөнд хичээлийн жилийг долдугаар сарын 15-нд бус харин зургаадугаар сарын 5-нд дуусгахаар тусгасан байна.
Мексикийн Эцэг эхчүүдийн үндэсний холбооноос гаргасан мэдэгдэлд “Хөлбөмбөгийн ДАШТ-ийг шалтаг болгон хичээлийн жилийг богиносгохыг зөвшөөрөхгүй. Улс даяарх 2500 гаруй хотын ердөө гуравт нь зохион байгуулагдах спортын арга хэмжээгээр шалтаглан хүүхдүүдийн боловсролыг золиослох ёсгүй” гэжээ.
Ирэх зургаа болон долдугаар сард Мехико, Монтеррей, Гвадалахара хотуудад ДАШТ-ий нийт 13 тоглолт болох юм. Яг одоо Мексикийн зарим нутагт агаарын температур +45 хэмд хүрч, хэт халалт үргэлжилсээр байна.