Тайвань дотооддоо үйлдвэрлэсэн анхны шумбагч онгоцноосоо торпед харваж туршсан нь Хятадын тэнгисийн цэргийн хүчний эсрэг тогтоон барих чадвараа нэмэгдүүлэх, дайн гарсан тохиолдолд тэнгисийн чухал замуудыг хамгаалах зорилготой томоохон алхам боллоо. Хятад улс Тайванийг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үздэг бөгөөд сүүлийн жилүүдэд арлын орчимд бараг өдөр бүр цэргийн сургуулилалт хийж байна. Үүний хариуд Тайвань зэвсэгт хүчнээ шинэчлэх хүрээнд дотоодын шумбагч онгоцны хөтөлбөрийг гол төсөл болгожээ.
Дипломат харилцааны хувьд харьцангуй тусгаарлагдмал Тайвань энэхүү хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ АНУ, Их Британи зэрэг орны технологи, туршлагыг ашигласан нь томоохон дэвшил гэж үзэгдэж байна.
Найман шумбагч онгоц бүхий флот байгуулах төслийг хэрэгжүүлж буй Тайванийн “CSBC Corp” компани өчигдөр (2026.05.07) мэдэгдэхдээ, “Narwhal” нэртэй анхны шумбагч онгоц Лхагва гаригт торпед харвах анхны туршилтаа амжилттай хийсэн гэв. Туршилтаар бай илрүүлэх, мөрдөх, галын удирдлага, торпед харвах болон чиглүүлэх зэрэг байлдааны системийн ажиллагааг шалгасан байна. Мөн энэ оны нэгдүгээр сард уг шумбагч онгоц анхны усан доорх туршилтаа хийжээ.
Тайвань 2027 он гэхэд дотооддоо үйлдвэрлэсэн дор хаяж хоёр шумбагч онгоцыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Мөн дараагийн загваруудыг пуужингаар тоноглох боломжийг судалж байна. Ойролцоогоор 1.57 тэрбум ам.долларын өртгөөр бүтсэн анхны шумбагч онгоц нь “Lockheed Martin” компанийн байлдааны системээр тоноглогдсон бөгөөд АНУ-д үйлдвэрлэсэн хүнд ангиллын “Mark 48” торпедо ашигладаг байна.
“Narwhal” шумбагч онгоцыг анх 2024 онд Тайванийн тэнгисийн цэрэгт хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байсан ч төслийн явцад саатал гарчээ. Уг хөлөг нь 1980-аад онд Нидерландаас худалдаж авсан хоёр шумбагч онгоцтой хамт флотод ашиглагдах юм. Гэсэн хэдий ч Тайванийн зэвсэгт хүчин нь нисэх онгоц тээвэрлэгч гурван хөлөг, цөмийн хөдөлгүүртэй баллистик пуужин тээгч шумбагч онгоцнууд болон дэвшилтэт сөнөөгч онгоцтой Хятадын армитай харьцуулахад харьцангуй бага хүчин чадалтай хэвээр байна.