Хан Дак Сүгийн ялыг 15 жил болгон бууруулжээ

Өмнөд Солонгосын ерөнхий сайд асан Хан Дак Сүд ерөнхийлөгч Юн Сук Ёлын зарласан цэргийн онц байдалтай холбоотойгоор 23 жилийн ял оноосон байсан. Түүнийг Юн Сук Ёлд онц байдал зарлахад нь тусалж, өдөөн дэмжсэнээр төрийн эргэлтэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж буруутгасан билээ. Тэгвэл түүний хэргийг давж заалдах шатны шүүхээр өнөөдөр /2026.05.07/ хэлэлцэж, 23 жилийн ялыг нь 15 жил болгон бууруулжээ.

Ерөнхий сайд асныг тусгай прокурор Чo Ын Сукийн баг дараах үндэслэлүүдээр яллагдагчаар татсан байна. Үүнд, онц байдал зарлахаас өмнө засгийн газрыг хуралдуулахыг Юнд санал болгож, шийдвэрийг хууль ёсны мэт харагдуулахыг оролдсон, онц байдалтай холбоотой баримт бичигт засгийн газрын гишүүдийн гарын үсгийг цуглуулахыг оролдсон, засгийн газрыг шүүмжилдэг хэвлэл мэдээллийн байгууллагуудын цахилгаан, усны хангамжийг таслах тухай Юны тушаалыг хэрэгжүүлэх асуудлыг хянаж үзсэн гэх үндэслэлүүд багтжээ. Мөн онц байдлыг цуцалсны дараа шинэчилсэн тунхагт гарын үсэг зурсан, шүүх хурлын үеэр худал мэдүүлэг өгсөн хэрэгт буруутгасан байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэртэй адилхан байдлаар Ханыг бүх үндсэн хэрэгт буруутай гэж үзжээ. Гэхдээ худал мэдүүлгийн хэргээс цагаатгасан байна.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн