Улаанбаатар, 2026 оны тавдугаар сарын 7 //. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод энэ сарын 19-нд эхэлнэ.
Тэмцээнд Азийн 43 орны 1300 гаруй шилдэг тамирчин пүмсэ, тулаан, пара таеквондо гэсэн гурван төрлөөр хүч сорих юм. Энэхүү тэмцээн нь зөвхөн медальтнуудыг тодруулах бус 2026 оны есдүгээр сарын 19-нд Японы Аичи муж, Нагоя хотноо эхлэх Азийн зуны XX спортын наадмын эрх олгохоороо онцлогтой. Тодруулбал, анх удаа жин бүрийн эхний долоон байрт шалгарсан тамирчдад Азийн наадмын эрх олгоно.
ААШТ-д Дэлхийн таеквондогийн холбооны ерөнхийлөгч Чое Чунвон хүрэлцэн ирэхээс гадна тэмцээний нээлтэд “Авьяаслаг америкчууд” шоуны “Алтан баззер”-ийн эзнээр тодорсон үзүүлэх тоглолтын шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож таеквондогийн урлаг, хүч чадлын гайхамшгийг толилуулах гэж байна. Пүмсэгийн ес, тулааны 27, пара таеквондогийн 11 дэх удаагийн тэмцээн долоо хоногийн турш “Мбанк арена”-д үргэлжилнэ. Хоёр жилд нэг удаа болдог ААШТ нь тивдээ олимпын хамгийн өндөр чансааны оноо олгодог гэдгээрээ ач холбогдолтой.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг “Премьер Спортс Нэтворк” спортын төрөлжсөн телевиз шууд дамжуулан үзүүлнэ.
Ташрамд дурдахад, манай улсын тамирчид насанд хүрэгчдийн ААШТ-ээс 23 медаль хүртжээ.