Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн ээлжит хурал өнгөрсөн 2024 оны есдүгээр сарын 11-нд болсон. Тус хурлаар зарим бөхчүүдийн барилдах эрхийг хориглосон шийдвэр гаргасан билээ. Зөрчил гаргагчдын барилдаанд барилдахгүй хугацааг нэр бүхий бөхчүүдийн барилдаанд барилдуулахыг түтгэлзүүлсэн 2024 оны наймдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тооцохыг МҮБХ-ны Ажлын албанд даалгасан байдаг. Үүний дагуу зарим бөхчүүдийн барилдах эрх сэргэсэн бол урт хугацаагаар барилдах эрхээ хасуулсан бөхчүүдийн барилдах эрхийг хориглосон шийдвэр хүчин төгөлдөр байгаа юм. Тухайлбал,
Төв аймгийн Баянцагаан сумын 100 жилийн ойн барилдааны үеэр зүй бус үйлдэл гаргаж, түүхт ойн наадамд хүрэлцэн ирсэн наадамчин олон, наадмыг зохион байгуулагчдыг илтэд үл хүндэтгэсэн, Монгол бөхийн ёс жудгийг ноцтой зөрчсөн, нэр хүндийг унагасан аймгийн начин Г.Болдбаатар, аймгийн начин М.Баасанцэнд, сумын заан М.Баасан нарыг ёс зүйн зөрчил гаргасанд тооцсон.
Зөрчил гаргасан аймгийн начин Г.Болдбаатарыг нэг жил 8 сарын хугацаанд, сумын заан М.Баасанг удаа дараагийн үйлдлүүдийг харгалзан хоёр жилийн хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хоригложээ.
Түүнчлэн Увс аймгийн Зүүнхангай сумын 100 жилийн ойн барилдаанд засуулаар ажилласан Ц.Даваасамбуу нь барилдааны үеэр барилдаж буй бөхчүүдэд саад болох, биеэ зохисгүй авч явах, наадам зохион байгуулагчдын зүй ёсны шаардлагыг биелүүлэхгүй байх үйлдэл, эс үйлдлүүд гаргасан тул ёс зүйн зөрчил гаргасанд тооцож, зөрчил гаргагч Ц.Даваасамбууг хоёр жилийн хугацаанд бүх шатны барилдааны жаяг дэгийн багт ажиллуулахыг хориглосон юм.
Харин улсын харцага Т.Бэгзсүрэн, улсын начин Б.Чимэдвандан, улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн заан Ц.Заяатүшиг нарын барилдах эрхийг тус бүр 6-9 сарын хугацаанд хориглосон шийдвэр гарсан байдаг.
МҮБХ-ны “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4-р зүйл, Ёс зүйн дүрэм”-ийн 3-р зүйл, 6-р зүйлийн 6.1, 7-р зүйлийн 7.1, 7.5 дахь хэсгүүдийг тус тус үндэслэн олон нийтийн зүгээс ирүүлсэн гомдол, шаардлага болон МҮБХ-ны Ажлын албанаас оруулсан саналын дагуу ёс зүйн зөрчил гаргасан байж болзошгүй бөхчүүдийн асуудлыг хэлэлцэж, зохих хэмжээнд баримт мэдээлэл цуглуулах, тэднээс тайлбар авах зэрэг ажиллагааг хийсний үр дүнд дараах шийдвэрийг гаргасан гэдгийг мэдээлж байв.