ХҮМҮҮС
Снукер биллиардын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Вү Изе гайхалтайгаар Шон Мерфиг ялснаар Хятад улс хоёр дахь жилдээ дараалан дэлхийн снукерын аваргатай боллоо. Энэ жилийн аварга Вү Изе гэж хэн болох талаар “NEWS” агентлаг “ХҮМҮҮС” буландаа онцолж байна.
Төрөлх хот Ланжоугаасаа Их Британи руу нүүж, цонхгүй байранд шахцалдаг амьдардаг байсан Вү 17 настайгаасаа эхлэн мэргэжлийн түвшинд бэлтгэлээ хийх болж, өдгөө снукерын хамгийн том шагналыг хүртээд байна. Тэрбээр энэ долоо хоногийн эхээр болсон ДАШТ-ий үеэр Крусиблийн шилдэг финалуудын нэг болох Мерфиг 18-17 харьцаатайгаар хожиж, дэлхийн аварга цолыг хүртсэн хоёр дахь хамгийн залуу тоглогч болсон. Вүгээс өмнө нь Стефен Хендри 1990 онд 21 настай байхдаа ялсан нь хамгийн залуу аварга гэж тодорхойлогдог байв. Үүнээс гадна Вү шигшээ тоглолтод Мерфитэй учраа таарсан нь “GenZ” болон миллениал үеийн төлөөлөл хоорондын өрсөлдөөн гэгдэж байна.
Учир нь Мерфи 2005 онд 22 настай байхдаа дэлхийн аварга цолоо хүртэх үед Вү ердөө 18 сартай байжээ.
ҮР ХҮҮХДИЙНХЭЭ МӨРӨӨДЛИЙГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ

Эцэг эхийнх нь олон жилийн хөдөлмөр, золиосны үр дүнд Вү мөрөөдлөө биелүүлсэн гэхэд хилсдэхгүй. Тэрбээр 2003 оны аравдугаар сарын 14-нд Хятадын Ланжоу хотод төрсөн бөгөөд багаасаа снукерт дуртай, авьяастай байжээ. Аав түүнийг 11 настайд нь Юйшань олон улсын бильярдын академид оруулж, Австралийн дасгалжуулагч Рожер Лейтонийн удирдлага дор бэлтгэл хийлгэж эхэлсэн байна.
Вү 16 настайдаа аавынхаа хамт Шеффилд хот руу нүүж, мэргэжлийн снукерын карьераа хөөхөөр шийджээ. Гэвч Англи дахь амьдрал тийм ч амар байгаагүй аж. Тэрбээр аавынхаа хамт жижиг, цонхгүй өрөөнд амьдарч байсан бол ээж нь эрүүл мэндийн асуудлын улмаас Хятадад үлдсэн байна. Вүгийн хэлснээр, ээж нь удаан хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан ч хүүгийнхээ мөрөөдлийг үргэлж дэмждэг байжээ.
Ээж нь түүнд “Гэртээ битгий буцаж ир, бүхнийг би зохицуулна” хэмээн сэтгэлийг нь унагахгүй байхыг хичээж, Англи дахь карьертаа нь төвлөрөхийг хүссэн байна.
Хүүгийнхээ мөрөөдлийг биелүүлэхийн тулд аав нь гэр орноо зарж, жижиг бизнесээ хүртэл хаасан. Улмаар Вү ээж, аавыгаа хамгийн том хүч, урам зориг гэж тодорхойлдог.

Вү 2021 онд мэргэжлийн тамирчин болж, довтолгоонд суурилсан тоглолтын хэв маяг, өөрийн өвөрмөц зан чанараараа олны анхаарлыг татсан юм. Алдарт тоглогчид болох Ронни О’Салливан болон Шон Мерфи нар түүнийг ирээдүйн дэлхийн аварга болно хэмээн өмнө нь онцолж байв. Снукерын удирдах байгууллагын тэргүүн Жэйсон Фергюсон ч мөн Вүгийн амжилтыг өндрөөр үнэлж, спортын ертөнцөд “шинэ үе эхэлж буй”-г харуулж байна гэж мэдэгджээ.
Вүгийн ялалт нь зөвхөн өөрийнх нь төдийгүй, түүнийг амжилтад хүргэхийн төлөө бүхнээ зориулсан гэр бүлийнх нь хувьд ч сэтгэл хөдөлгөм мөч болж байна.
ТЭР ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХ НЬ ТОДОРХОЙ БАЙСАН

Вү дэлхийн аваргад түрүүлснээр снукерын хамгийн тод шинэ оддын нэг боллоо. Тэрбээр аваргын төлөөх замдаа Лей Пейфан, Марк Селби, Хоссейн Вафаей болон Марк Аллен нарыг буулган авсан. Улмаар финалын шийдвэрлэх фреймд Шон Мерфиг ялснаар дэлхийн аваргын цомыг өргөсөн байна. Өнгөрсөн жилийн аварга Жао Шинтонгийн адил снукерын домогт тамирчин О’Салливан болон Мерфи нар Вүг “ирээдүйн дэлхийн аварга” хэмээн үнэлсэн. Дэлхийн аварга болохоос нь өмнө ч түүнийг снукерын ирээдүйн супер од гэж үздэг байв.
Вү снукерээс гадна “Honor of Kings” болон “League of Legends” зэрэг тоглоом тоглох дуртай. Мөн түүний хамгийн дуртай кино нь “The Shawshank Redemption” аж.
Вү мөн О’Салливан болон Шотландын алдарт тоглогч Жон Хиггингс зэрэг снукерын шилдгүүдээс зөвлөгөө, дэмжлэг авч байжээ. Энэ нь ч үр дүнгээ өгч 2025-2026 оны улирал бол Вүгийн карьерын хамгийн амжилттай үе болж байна. Тэрбээр өнгөрсөн арваннэгдүгээр сард Хятадын Нанжин хотод болсон Олон улсын аварга шалгаруулах тэмцээн тэмцээнд түрүүлж, чансааны анхны цомоо хүртсэн юм. Мөн “Мастерс” тэмцээнд анх удаа оролцохдоо хагас шигшээд шалгарчээ.
Эдгээр амжилтынхаа ачаар Вү дэлхийн чансааны аравдугаарт бичигддэг. Харин одоо дэлхийн аварга болсноор дөрөвдүгээр байр хүртэл ахих төлөвтэй байна.

Түүний амжилтад хүрэх зам тийм ч амар байгаагүй. Учир нь карьерынх нь эхэн үед шагналын мөнгө тийм ч их биш байсан бөгөөд мэргэжлийн статусаа хадгалах, тоглолтоо сайжруулахын тулд ихээхэн дарамт мэдэрдэг байсан гэж Вү ярьдаг. Мөн сэтгэл зүй нь хүнд байсан ч тууштай байж, эцэг эхийнхээ дэмжлэгийн ачаар олон бэрхшээлийг давж, өнөөдрийн өндөрлөгт хүрсэндээ баяртай байгаагаа нуугаагүй.
Тэрбээр нэгэн үе ер бусын “mullet” үсний засалтаараа алдартай болсон бөгөөд албан ёсны хэв маяг, сахилга баттай дүр төрхөөрөө алдартай спортод өөрийн өвөрмөц байдлыг харуулж чадсан юм.