Ормузын хоолойн ойролцоо өнгөрч явсан Панамын далбаатай бөгөөд Өмнөд Солонгосын “HMM” компанид харьяалагддаг ачааны хөлөг онгоц дээр дэлбэрэлт болж, гал гарчээ. Дэлбэрэлтийн хариу арга хэмжээг хэлэлцэхээр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газар өнөөдөр /2026.05.05/ яаралтай хурал зарласан байна. Уг хуралд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Кан Хун Шик болон бусад өндөр албан тушаалтан оролцжээ.
Дэлбэрэлт Даваа гаригийн орой /2026.05.04/ Солонгосын цагаар 20:40 цагийн орчимд гарсан. “HMM” компанийн мэдээлснээр, “HMM Namu” хөлөг тэр үед Арабын нэгдсэн Эмиратын эргийн ойролцоох усанд зангуу хаясан байжээ. Гал хөдөлгүүрийн өрөөнд гарсан бөгөөд багийн гишүүд нүүрсхүчлийн хий ашиглан ойролцоогоор дөрвөн цагийн турш галыг унтраасан байна.
Гал гарах үед хөлөг дээр нийт 24 хүн байсны зургаа нь өмнөд солонгос, бусад нь гадаадын иргэн байжээ. Мөн хэн ч бэртэж гэмтээгүйг мэдээлж байна.
Дэлбэрэлт, галын шалтгаан, учирсан хохирлын хэмжээ одоогоор шалгаж байна. Гадны халдлага уу, дотоод доголдол уу гэдэг нь тодорхойгүй байгааг “HMM” компанийн албан тушаалтан мэдээлэв.
АНУ-ын ерөнхийлөгч энэ талаар мэдээлэл өгөхдөө “Иран улс Өмнөд Солонгосын ачааны хөлөг болон бусад бай руу довтолсон. Иймд Өмнөд Солонгос улсыг Ормузын хоолойг нээх ажиллагаанд оролцохыг уриалж байна” гэжээ.
Арабын нэгдсэн Эмиратын ойролцоох усанд явж байсан Өмнөд Солонгосын бусад хөлөг аюулгүй байдлын үүднээс Катар руу чиглэн хөдөлснийг эх сурвалж мэдээлж байна. Харин гал гарсан хөлгийг Дубай руу чирч хүргэхээр төлөвлөжээ. “HMM” компанийн таван хөлөг Ормузын хоолойд үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрийн нэг нь ачаа тээврийнх бол хоёр нь газрын тосны танкер юм.