Казахстаны теннисчин Австралид анх удаа аваргаллаа

СИДНЕЙ, 2026 оны нэгдүгээр сарын 31. /ТАСС/. Казахстаны теннисчин Елена Рыбакина дэлхийн чансааг тэргүүлж буй Беларусийн тамирчин Арина Соболенког хожсоноор Австралийн нээлттэй тэмцээнд анх удаагаа аваргаллаа.

Тоглолт 2 цаг 18 минут үргэлжилсний эцэст Казахстаны тамирчин  6:4, 4:6, 6:4 харьцаагаар өрсөлдөгчөө хожсон байна. Е.Рыбакина 2023 онд финалд шалгараад Соболенкод хожигдож байжээ.

Тэд нийтдээ 15 удаа хоорондоо тоглоход Рыбакина 7 удаа, Соболенко 8 удаа хожсон байна.  

Өдгөө 26 настай Рыбакина одоо дэлхийн чансааны 5 дугаарт бичигдэж байгаа бөгөөд Эмэгтэй теннисчдийн холбооны /WTA/ ивээл дор болдог тэмцээнүүдийн ганцаарчилсан төрөлд 12 удаа түрүүлээд байгаа юм. Тэрбээр Их дуулгын тэмцээнд хоёр дахь удаагаа түрүүлж байна. Өмнө нь 2022 онд Уимблдоны тэмцээнд аваргалжээ. 2018 оны 6 дугаар сар хүртэл Рыбакина ОХУ-ын нэрийн өмнөөс тоглож байсан бөгөөд Москва хотын уугуул юм.

Түүний өрсөлдөгч 27 настай А.Соболенко 2024 оны 10 дугаар сараас хойш дэлхийн чансааг тэргүүлж байгаа бөгөөд WTA холбооны тэмцээнүүдэд нийт 22 удаа түрүүлжээ. Тухайлбал, Их дуулгад 4 удаа буюу Австралийн нээлттэй тэмцээн, АНУ-ын нээлттэй тэмцээнд тус бүр хоёр удаа аваргалсан байна.

Мельбурн хотын хатуу хучилттай талбайд явагдаж буй Australian Open тэмцээн бол энэ оны Их дуулгын анхны тэмцээн бөгөөд маргааш өндөрлөнө. Шагналын сан нь 75 сая ам.доллар юм. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн