Улаанбаатар, 2026 оны тавдугаар сарын 6 //. Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар Боловсролын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 2026-2027 оны хичээлийн жилд Вьетнамын их, дээд сургуулиудад суралцах 15 оюутанд тэтгэлэг олгоно.
Энэхүү тэтгэлгээр бакалавр, магистр, докторын түвшинд сургах ба сургалтын төлбөр, дотуур байр, сар бүрийн амьжиргааны тэтгэмжийг бүрэн хариуцах юм. Мөн сургалт Вьетнам хэлээр явагдах бөгөөд хэлний мэдлэггүй суралцагчид нэг жилийн хэлний бэлтгэлд хамрагдах боломжтой.
Тавигдах шаардлага:
- Монгол Улсын иргэн байх
- Тасралтгүй суралцах боломжтой байх
- Сонгон шалгаруулалтад орох хүсэлт, холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн байх
- Бакалаврын түвшинд суралцах хүсэлт гаргагч нь ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид 80-аас дээш дүнтэй суралцаж буй, эсвэл Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллежийн 1, 2 дугаар дамжаанд 3.0-аас дээш голчтой суралцаж байх
- Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын түвшнийг 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй сурч төгссөн байх /2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай/
- Докторын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь магистрын түвшнийг 3.2 ба түүнээс дээш голч дүнтэй сурч төгссөн байх /2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай/
- Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх
- Эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр суралцагчид давуу тал олгоно.
Бүртгэл, хугацаа:
Тэтгэлгийн бүртгэл 6 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ. Мөн scholarship.esis.edu.mn цахим системд бүртгэл үүсгэн өргөдлөө илгээх шаардлагатай. Өргөдөлд шаардлагатай бүх бичиг баримтыг PDF хэлбэрээр хавсаргаж, нэг файлын хэмжээ 5MB-аас ихгүй байна.
Бүрдүүлэх материал:
Бакалавр, магистр болон докторын түвшний өргөдөл гаргагчид өргөдлийн маягт, эсээ, боловсролын баримт бичиг, хэлний батламж, паспорт, иргэний үнэмлэх, эрүүл мэндийн шинжилгээ, цагдаагийн тодорхойлолт зэрэг материалыг бүрдүүлнэ. Магистр болон докторын түвшинд нэмэлтээр тодорхойлох захидал, судалгааны төлөвлөгөө, эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт шаардах ажээ.