Р.Фицогийн онгоцыг Чехийн нутаг дээгүүр нисэхийг зөвшөөрчээ

ПРАГА, 2026 оны тавдугаар сарын 3 /Ukrinform/. Тавдугаар сарын 9-нд болох Ялалтын баярт оролцохоор Москва руу нисэх замдаа Словакийн Ерөнхий сайд Роберт Фицогийн онгоцыг нутаг дэвсгэр дээгүүрээ нисэхийг Чехийн эрх баригчид зөвшөөрсөн тухай “Укринформ” агентлаг тус улсын Гадаад хэргийн яамны мэдэгдлийг эш татан мэдээлжээ.

“Словакийн тал манай улсын нутаг дээгүүр нисэх зөвшөөрөл авах хүсэлт гаргасан, уг зөвшөөрлийг ямар нэг сааталгүйгээр олгосон” гэж Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Адам Чёргё мэдэгдсэн байна. Тэрбээр зөвшөөрлийг ямар хугацаагаар олгосныг тодорхой хэлээгүй байна. 

Өмнө нь Эстони, Литва, Латви улсууд Словакийн Ерөнхий сайдын онгоцыг нутаг дэвсгэр дээгүүрээ нисэхийг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд байсан юм. Үүний хариуд Р.Фицо ОХУ-д айлчлах өөр зам олно гэж мэдэгджээ. Чех улс ОХУ-тай хиллэдэггүй тул Орост очихын тулд Р.Фицо мөн Герман зэрэг улсуудаас зөвшөөрөл авах шаардлагатай болно.

Үүнийн зэрэгцээ Украины Ерөнхийлөгч В.Зеленский Р.Фицотой харилцаагаа сайжруулахыг зорьж байна. Тэрбээр Р.Фицотой утсаар ярьжээ. Энэ талаараа Украины Ерөнхийлөгч “Facebook” нийгмийн сүлжээний хуудсандаа бичихдээ “Словакийн Ерөнхий сайд Роберт Фицотой дөнгөж сая ярилцлаа. Манай хоёр улсын хооронд бат бөх харилцаа байх ёстой, бид хоёулаа үүнийг сонирхож байгаа. “Словак улс Украиныг Европын Холбоонд гишүүнээр элсэхийг дэмжиж байгаа бөгөөд гишүүнээр элссэн туршлагаасаа бидэнтэй хуваалцахад бэлэн байна” гэдгийг сонсох нь чухал байлаа” хэмээн онцолжээ.

В.Зеленский мөн Р.Фицог Киевт айлчлахыг урьсан бөгөөд Братиславт очих урилга өгсөнд нь талархал илэрхийлснээ нэмж дурдаад “Бид мөн ойрын үед биечлэн уулзах боломжийн талаар ярилцлаа” гэж бичсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн