А.Аданы “Жизель” балетыг дахин тайзнаа толилуулна

Улаанбаатар //. Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы “Жизель” балетыг УДБЭТ-ын уран бүтээлчид энэ сарын 2, 3-нд толилуулна.

Энэхүү балетын сэдэв санаа Францын зохиолч, яруу найрагч, театрын шүүмжлэгч Т.Готтьед Г.Гейнегийн бүтээлийг уншиж байх үед төрсөн гэдэг. Тэрбээр Гейнегийн “Германы тухай” номоос Граце ба Рейн мөрний эрэг хавийн өтгөн манан, сарны гэрэл зэрэг үзэгдлүүд болон цагаан хувцастай эльфүүд, усны дагинас, бүжиглэх хүслэнд автсан виллисүүдийн талаар бичсэн сэтгэл догдлом хэсгүүдийг уншаад балет бүтээх санаагаа олжээ.

Улмаар энэхүү санаагаа жүжгийн цомнол болгоход зохиолч Ж.Сен-Жорж хамтран ажилласан байна.

“Жизель” балет анх 1841 оны 6 дугаар сарын 28-нд Францын Парис хотын “Гранд Опера” театрт Жан Коралли, Жюль Перро нарын дэглэлтээр тайзнаа амилжээ. Үүний дараа 1842 онд Лондон, Москва, 1843 онд Милан, 1846 онд АНУ-д тоглож, дэлхийн олон орны тайзнаа хүрсэн байна.

Харин 1884 оноос хойш балетмейстер Мариус Петипагийн шинэчилсэн дэглэлтээр тавигдсан хувилбар нь дэлхий дахинд хамгийн түгээмэл тоглож буй сонгодог хувилбар болжээ. Манай улсад “Жизель” балет анх 1979 онд тайзнаа тавигдсан бөгөөд балетын урлагийн хөгжлийн чухал бүтээлд тооцогддог.

Энэхүү бүтээл нь романтизмын үеийн онцлогийг шингээсэн, мөрөөдөл, гунигт хувь тавилан, хайр сэтгэлийн эмгэнэлт түүхийг өгүүлдгээрээ онцлогтой. Мөн тухайн үед эмэгтэй бүжигчдийн ур чадвар шинэ шатанд хүрч, алдарт бүжигчин Мария Тальони пуанты буюу хөлийн хуруун дээр бүжиглэх техникийг төгөлдөржүүлсэн нь балетын хөгжилд томоохон дэвшил авчирсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн