АНУ Герман дахь цэргүүдийнхээ тоог цөөлөх тухай авч хэлэлцэж буйг Дональд Трамп Лхагва гаригт /2026.04.29/ мэдэгдлээ. Мөн эцсийн шийдвэрийг ойрын өдрүүдэд гаргана гэв. Германд АНУ-ын 36 мянга гаруй цэрэг бий.
Трамп Ираны эсрэг дайныг нь дэмжихгүй байна гэж Европын холбоотнуудаа удаа дараа шүүмжилсэн.
Хамгийн сүүлд Германы канцлер Фридрих Мерц оюутнуудтай уулзах үеэрээ “Ираны удирдагчид АНУ-аар тоглоод байна. АНУ-ын хувьд Ирантай хийх хэлэлцээртээ төдийлөн итгэл үнэмшилгүй байгаа бололтой” гэжээ. Үүнтэй холбогдуулан Трамп цахим сүлжээндээ мэдэгдэл хийхдээ “Германы канцлер Ираныг цөмийн зэвсэгтэй байсан ч зүгээр гэж бодож байх шиг байна. Тэд юу яриад байгаагаа мэдэхгүй байна” гэсэн байна.
Ийнхүү АНУ, Германы харилцаа хурцадсаны дараа Трамп цэрэг цөөлөх тухай мэдэгдлийг хийжээ.
Трамп өмнө нь Өмнөд Солонгосыг ч бас энэ асуудлаас болоод зэмлэсэн удаатай. АНУ өөрийн цэргүүдээ эрсдэлд оруулан байж Хойд Солонгосын цөмийн хүчний дэргэд байрлуулсан гэх байр суурийг тэр илэрхийлж буй. Өмнөд Солонгост байрлаж буй АНУ-ын 28500 орчим цэргийг Хойд Солонгосын өсөн нэмэгдэж буй аюул заналхийллийн эсрэг гол хүч гэж үздэг.