Жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр” болгон дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг.
Хүүхдийг зодож шийтгэх нь хүмүүжлийн арга биш. Хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохын ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилготой энэхүү өдрийг 1998 онд санаачилж, 2001 оноос дэлхий дахинд өргөн тэмдэглэж эхэлсэн. Монгол Улс Хүүхдийг ивээх сангийн санаачилгаар 2006 оноос жил бүр уламжлал болгон тэмдэглэх болсон. Дэлхий нийтээр хүүхдийн эсрэг хүчирхийллийг үл тэвчих уриан дор дуу хоолойгоо нэгтгэдэг.
Монгол Улс Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхдийг зодож шийтгэхийг нийгмийн бүх орчинд хориглож, энэ чиглэлд бодит ахиц гаргасан.
Ингэснээр хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг бэхжүүлсэн дэлхийн 49 дэх улс болсон юм.
Мөн хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох зорилготой нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж, хууль эрх зүйн орчныг сайжруулах, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсээр ирсэн. Энэ өдөр улс орнууд эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхэдтэйгээ зөв харилцах, хүмүүжлийн эерэг аргыг хэрэгжүүлэх талаар эргэцүүлэн бодохыг уриалдгаараа онцлог. Хүүхдийг зодож шийтгэх нь хүмүүжлийн зөв арга биш бөгөөд сэтгэлзүй, бие бялдарт сөрөг нөлөө үзүүлдэг. Иймээс хүүхдийг ойлгож, сонсож, урамшуулалд суурилсан харилцааг төлөвшүүлж, эерэг хүмүүжлийн арга барилыг хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй юм.
Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоож, хүүхэд хүмүүжлийн эерэг аргуудыг эрэлхийлэхийг мэргэжлийн байгууллагууд уриалж байна.