Шар шороон шуурганы эрсдэл байгаль орчин, хүний аюулгүй байдал, нийгмийн тэгш байдлын асуудал болжээ

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (ESCAP)-ын 82 дугаар чуулганы хүрээнд “Хэнийг ч орхигдуулахгүй: Шар шороон шуурганы эсрэг бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт арга хэмжээ дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Бангкок хотноо зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээг НҮБ-ын АНДЭЗНК, Гурван талт хамтын ажиллагааны нарийн бичгийн дарга нарын газар (TCS), Монгол Улс хамтран зохион байгуулж, бүс нутгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах санаачилгын эхлэлийг албан ёсоор тавив.

Арга хэмжээний Үндсэн илтгэлийг Монгол Улсын Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга, Дэлхийн цаг уурын байгууллага дахь Монгол Улсын Байнгын төлөөлөгч Э.Баттулга тавьж, шар шороон шуурганы эрсдэл нь байгаль орчны асуудлаас давж, хүний аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн тэгш байдлын асуудал болж байгааг тэмдэглэв.

Монгол Улсын зүгээс үндсэн илтгэлийн хүрээнд дараах гурван тэргүүлэх чиглэлийг дэвшүүлэв. Үүнд:

  • Бүс нутгийн цаг уур, орчны шинжилгээний ажиглалтын нэгдсэн тогтолцоо бий болгох
  • Хүн бүрд хүртээмжтэй, ойлгомжтой эрт сэрэмжлүүлэх систем хөгжүүлэх
  • Бүс нутгийн хамтын ажиллагааг тогтвортой, институцийн түвшинд бэхжүүлэх зэрэг болно.

Энэхүү санаачилгыг 2026 оны наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын үеэр албан ёсоор танилцуулах бөгөөд шар шороон шуурганы эсрэг бүс нутгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал алхам болно гэж үзэж байна.


ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ

ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ

Талуудын 17-р бага хурал (COP17)-ын цахим хуудас: https://unccdcop17.org/ 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн