АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Куба улсаас ирж буй заналхийлэлтэй холбогдуулан онцгой байдал зарлаж, тус улсад газрын тос нийлүүлдэг орнуудын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Цагаан ордны хэвлэлийн албаны мэдээлснээр, ерөнхийлөгч Трамп Кубын дэглэмийн явуулж буй хорлон сүйтгэх үйл ажиллагаа, бодлогоос АНУ-ын үндэсний аюулгүй байдал болон гадаад бодлогыг хамгаалах зорилготой захирамжид гарын үсэг зурсан байна. Уг захирамж хэрэгжсэнээр Кубад шууд болон шууд бусаар нефть нийлүүлдэг улс орнуудаас АНУ-д импортлох бараа бүтээгдэхүүнд нэмэлт тариф ногдуулах ажээ.
Цагаан ордны тайлбарт дурдсанаар, энэхүү арга хэмжээ нь дайсагнасан хүчин болон терроризмыг дэмжиж, АНУ-ын аюулгүй байдал, гадаад бодлогод заналхийлж, бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулж буй Кубын дэглэмд хариуцлага тооцох зорилготой юм. Мөн Кубад ОХУ-ын радио тагнуулын мэдээлэл цуглуулах гадаад дахь хамгийн том байгууламж байрладаг гэж онцолсон байна. Үүнээс гадна Куба улс үндэстэн дамнасан террорист бүлэглэлүүдийг орогнуулдаг бөгөөд эрх баригч дэглэм нь улс төрийн өрсөлдөгчдөө хавчин гадуурхаж, эрүүдэн шүүдэг хэмээн мэдэгдэлд дурджээ.
Харин Кубын эрх баригчид АНУ-ын энэхүү шинэ арга хэмжээг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв. Карибын тэнгисийн тус улсын гадаад хэргийн сайд Бруно Родригес Паррилья “АНУ-аас Кубын эсрэг авч буй хамгийн сүүлийн алхмыг бид эрс буруутгаж байна. Тэд одоо манай улсад түлш нийлүүлэхийг бүрэн хаахыг оролдож байна” хэмээн X сүлжээнд бичжээ.