НАТО-ийн дүрэмд аль нэг улсыг эвслээс хөөх заалт байхгүй

Иран дахь дайныг дэмжээгүйнх нь төлөө Испанийг НАТО-оос хөөх юм уу гишүүнчлэлийг түдгэлзүүлж магадгүй гэх мэдээлэл саяхан гарсан. Тодруулбал, кампанит ажлыг нь дэмжээгүй холбоотнуудыг шийтгэх тухай мэдээллийг Пентагоны дотоод эх сурвалжаас олж авсан гэж АНУ-ын нэгэн албан тушаалтан мэдэгджээ.

Тэгвэл НАТО-ийн дүрэмд гишүүнчлэлийг түдгэлзүүлэх эсвэл хөөх тухай заалт огт тусгагдаагүй болохыг эвслийн нэгэн албан тушаалтан хэлсэн байна.

Харин Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Кингсли Уилсон “АНУ НАТО-ийн холбоотнуудынхаа төлөө бүхнийг хийсэн ч тэд хэзээ ч бидний төлөө байгаагүй. Холбоотнууд цаашид нэрийн төдий байх бус өөрсдийн үүргээ биелүүлдэг болгоход чиглэсэн бодит хувилбаруудыг Батлан хамгаалах яамны зүгээс ерөнхийлөгчид танилцуулах болно” гэжээ.

АНУ-ын Иран дахь дайн болон Ормузын хоолойн асуудалд холбоотнууд идэвхгүй хандаж байгааг Дональд Трамп удаа дараа шүүмжилсэн. Испани улсын хувьд өөрийн нутаг дэвсгэр дэх агаарын баазуудыг Ираны эсрэг довтолгоонд ашиглуулахыг зөвшөөрөөгүй. АНУ Испанид “Naval Station Rota” болон “Morón Air Base” гэсэн хоёр цэргийн баазтай.

Ормузын хоолой АНУ-аас илүү Европт хэрэгтэй гэдгийг АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсэт мөн хэлжээ. Тэрбээр “Бид Европт найдахгүй байна. Тэдэнд Ормузын хоолой биднээс хамаагүй илүү хэрэгтэй. Тиймээс тэд ярихаа багасгаж, Европт гоё хурал хийхээ больж, бодитоор үйлдэл хийх хэрэгтэй. Энэ бол биднийхээс илүү тэдний тэмцэл. Европ болон Ази олон арван жилийн турш бидний хамгаалалтаас ашиг хүртсэн. Одоо тэдний үнэгүй ашиглалтын цаг дууссан” гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн