Хүн төрөлхтөн ирэх 10 жилдээ багтаад саран дээр ажиллаж, амьдрах боломжтойг сансрын технологийн “Voyager Technologies” компанийн гүйцэтгэх захирал Дилан Тэйлор хэлжээ. Тэрбээр “CNBC”-ийн хэлэлцүүлэгт оролцохдоо “Хүн төрөлхтөн бид 2020-иод оны сүүл үе гэхэд саран дээр баазтай болно. Энэ бааз нь хүн амьдрах боломжтой орчин байх юм. Харин 2030 он гараад та Нью-Йоркийн хойд хэсэгт гэрийнхээ тагтнаас сарыг харах боломжтой болно. Тэр үед саран дээр олон гэрэл анивчиж байх болно. Тэр бол саран дээр ажиллаж, амьдарч буй хүмүүс юм” гэжээ.
АНУ нь дэлхийн арилжааны сансар огторгуйн салбарт илт давуугаар тэргүүлэгч хэвээр байна. Сарыг бизнесийн талбар болгож ашиглах энэ өрсөлдөөн буюу сарны эдийн засаг ойрдоо улам л өргөжин тэлэх төлөвтэй байгааг “Deutsche Bank” мэдээлжээ. Тухайлбал, Элон Маскын “SpaceX” компани л гэхэд 10 жилийн хугацаанд саран дээр хот байгуулахаар төлөвлөн, ажиллаж байна. Мөн “Blue Origin” компани сансрын аялал жуулчлалд төвлөрөхийнхөө оронд саран дээр байнгын амьдрал бий болгоход хүчээ зарцуулахаар шийдсэнээ нэгдүгээр сард мэдэгдсэн билээ.
Дашрамд дурдахад, Дональд Трамп батлан хамгаалахын зардлыг 1.5 их наяд ам.долларт хүргэж нэмэгдүүлэх хүсэлтийг энэ сарын 3-нд Конгресст хандан гаргасан. Түүнчлэн АНУ-ын Агаарын цэргийн хүчин болон Сансрын хүчин 2027 оны санхүүгийн жилд 300 тэрбум ам.доллараас давсан төсөв хүссэн байна.