Юн Сук Ёлд дахин 30 жилийн ял оноох хүсэлт гаргав

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Юн Сук Ёлд төрийн эсрэг бослого удирдсан хэргээр хоёрдугаар сарын 19-ний өдөр бүх насаар нь хорих ял оноосон. Тэгвэл 2024 онд онц байдал зарлах шалтаг бүрдүүлэхийн тулд Пёньян руу дрон илгээхийг тушаасан хэрэгт буруутган, түүнд дахин 30 жилийн ял оноох хүсэлтийг прокурорын зүгээс гаргажээ. Энэхүү хүсэлтийг Чо Ын Сокын ахалсан тусгай прокурорын баг өнөөдөр /2026.04.24/ Сөүл хотын Төв дүүргийн шүүхэд болсон анхан шатны шүүх хурлын хаалтын сонсголын үеэр гаргасан байна.

Мөн энэ хэргээр Батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хёнд 25 жилийн хорих ял оноохыг хүсчээ.

Прокурорын багийн мэдэгдэлд дурдахдаа “Энэ хэрэг нь үндэсний аюулгүй байдалд бодит, ноцтой хохирол учруулж, улсын ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн. Зэвсэгт хүчний дээд командлагчийн хувьд Юн Сук Ёл уг гэмт хэргийг удирдсан бол Ким Ён Хён онц байдал зарлах төлөвлөлтөөс эхлээд хэрэгжилт хүртэлх бүх шатанд гар бие оролцсон” гэжээ.

Юн Сук Ёлыг 2024 оны аравдугаар сарын орчимд Пёньян руу дрон илгээх замаар Хойд Солонгосыг цэргийн хувьд өдөөн хатгаж, онц байдал зарлах үндэслэл бүрдүүлэх ажиллагаа явуулахыг тушаасан гэж буруутгаж байна. Уг ажиллагаа нь хоёр Солонгос хоорондын цэргийн хурцадмал байдлыг нэмэгдүүлсэн гэж үзсэн. Мөн нэг дрон осолдож унаснаар дроны ажиллагаа, цэргийн чадавхтай холбоотой нууц мэдээлэл ил болж, цэргийн ашиг сонирхолд хохирол учирсан гэжээ.

Юн Сук Ёлд тулгаад буй “Дайсанд ашигтай байдал бий болгосон” гэх зүйл анги нь тухайн хүн дайсантай хуйвалдсан эсэхээс үл хамааран Өмнөд Солонгосын цэргийн ашиг сонирхолд хохирол учруулсан эсвэл дайсанд цэргийн давуу байдал олгосон тохиолдолд үйлчилдэг.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн