“Meta” компани хиймэл оюун ухааны төслүүдэд урьд өмнө байгаагүй их хөрөнгө зарцуулж байгаа тул ирэх сард 8000 ажилтнаа цомхотгохоор болжээ. Энэ нь нийт ажилтны 10 хувь гэсэн үг. Мөн олон мянган ажлын байранд хүн авахаар төлөвлөж байснаа цуцалсан талаар Пүрэв гаригт /2026.04.23/ гаргасан мэдэгдэлдээ дурдсан байв.
Тус компани зөвхөн энэ онд хиймэл оюун ухааны төслүүдэд 135 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ. Энэ нь өнгөрсөн гурван жилийг нийлүүлсэнтэй тэнцэх өндөр дүн юм.
Үүсгэн байгуулагч Марк Зукерберг энэ оны эхээр олон нийтэд мэдэгдэл хийхдээ компани орон тооны цомхотголыг өргөнөөр хийнэ гэдгийг дурдаж байсан. Өмнө нь олон хүн хамтарч байж бүтдэг байсан ажлыг одоо ганц л хүн хиймэл оюун ухааны тусламжтайгаар гүйцэтгэх болсныг тэр онцлон дурджээ. Тэрбээр “2026 онд хиймэл оюун ухаан хүмүүсийн ажиллах арга барилыг эрс өөрчилнө гэж би бодож байна” гэсэн юм.
“Meta” компани 10 мянга гаруй ажилтнаа энэ онд цомхотгоно гэж “Reuters” өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ. Улмаар ажилтнуудад цомхотголын тухай мэдээ Пүрэв гаригт очсон байна. Компани энэ он гарсаар хоёр ч удаагийн цомхотгол явуулж, үүнд нь 2000 орчим ажилтан өртөөд байсан.
Цомхотголын айдастай болсон энэ цаг үеийг нэгэн ажилтан “дистопи үзэгдэл” гэж нэрлэжээ. Дистопи гэдэг нь сайн сайхан нийгэм бус аймшигтай, хэвийн бус, эрх чөлөөгүй, эсвэл сүйрсэн ирээдүйг дүрсэлсэн уран зохиол, киноны төрөл зүйл юм.
Дашрамд дурдахад, зөвхөн “Meta” гэлтгүй технологийн бусад компани ч хиймэл оюун ухаанд их хэмжээний хөрөнгө хаяж, орон тооны цомхотгол хийж байна. Тухайлбал, “Amazon” компани 30 мянга гаруй, “Oracle” 10 мянга гаруй ажилтнаа цомхотгосон. Технологийн аваргад тооцогдохгүй жижгүүд ч бас цомхотгол хийсээр байна. Жишээлбэл, “Block” 4000 гаруй, “Snap” 1000 орчим ажилтнаа цомхотгожээ.