Европын холбооноос ОХУ-д 20 дахь хориг арга хэмжээгээ авлаа

Европын холбоо Пүрэв гаригт /2026.04.23/ ОХУ-д чиглэсэн шинэ хориг арга хэмжээг баталлаа. Үүний зэрэгцээ Украинд 90 тэрбум еврогийн зээл олгохоор шийдвэрлэв. Унгар болон Словак улсууд Оросын эсрэг 20 дахь багц арга хэмжээг зөвшөөрөхгүй байсан ч газрын тосны урсгал эргэн сэргэсэнтэй холбоотойгоор тэд холбооны бусад гишүүнтэй нэгджээ.

Шинэ хориг арга хэмжээ нь Оросын эрчим хүч болон тэнгисийн салбарыг онилж байна. Үүнд, газрын тосны нийлүүлэлтийн сүлжээнд оролцдог 36 компани, 46 хөлөг онгоц багтжээ. Ингэснээр сүүдрийн флотод хамаарах хөлөг онгоцнуудын тоо 632 хүрээд байна. Эдгээр хөлөг нь даатгалгүй, тодорхой бус далбаан дор үйл ажиллагаа явуулдаг.

Үүний зэрэгцээ хориг арга хэмжээг тойрч гарахад дэмжлэг үзүүлсэн 20 банк болон дөрвөн гадаадын зээлдүүлэгчид санхүүгийн хориг тавьжээ.

Мөн Хятад, Арабын нэгдсэн Эмират, Турк, Узбекистан зэрэг орны олон арван компани Орост давхар зориулалттай бараа нийлүүлсэн гэдгээрээ хар жагсаалтад ороод байна. Давхар зориулалттай гэдэг нь цэргийн хэрэгцээнд ч ашиглаж болох бараа бүтээгдэхүүнүүд гэсэн үг юм.

Бусад хоригоос дурдвал:

  • Нисгэгчгүй нисэх онгоц болон бусад цэргийн техник хэрэгслийн хөгжүүлэлт, үйлдвэрлэлд оролцсон Оросын 58 компани, хувь хүмүүс ч хоригт багтжээ.
  • Харин экспортын хоригт метал, эрдэс, химийн бодис болон үйлдвэрийн багаж хэрэгсэл зэрэг нийт 930 сая еврогийн барааг нэмсэн байна.
  • Украин хүүхдүүдийг хууль бусаар авч явсан, соёлын өвийг хулгайлсан, Оросын төрийн суртал ухуулгыг түгээсэн гэх үндэслэлээр Оросын 13 иргэн, байгууллагад хориг тавьжээ.

20 дахь хоригийн багцыг дайны дөрвөн жилийн ойтой давхцуулан хоёрдугаар сарын сүүлээр батлахаар төлөвлөж байсан ч Украин болон Европын холбооны гишүүн Унгар, Словак улсуудын хооронд үүссэн газрын тос дамжин өнгөрүүлэх маргааны улмаас хэдэн долоо хоногоор хойшилсон байжээ.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн