Өмнөд Солонгос улс энэ оны эхний хагаст хөдөө аж ахуйн салбарт улирлын чанартай ажиллах гадаадын ажилчдын тоог дээд хэмжээнд буюу 93,500-д хүргэж хүлээн авах болсныг Хөдөө аж ахуйн яам мэдэгдлээ. Өнгөрсөн онд тус улсын хөдөө аж ахуйн салбарт 77,411 гадаад ажилчин ажилласан. Үүнтэй харьцуулахад 93,500 нь харьцангуй өндөр үзүүлэлт юм.
Яамнаас гадаад ажилчдын ур чадварыг сайжруулахын тулд төрөл бүрийн гадаад хэл дээр сургалтын материал түгээх аж. Мөн Хууль зүйн яамтай зөвлөлдөн, хөдөө аж ахуй болон загас агнуурын салбарт ур чадвартай гадаад ажилчдыг илүү урт хугацаагаар ажиллуулах боломж олгох шинэ виз нэвтрүүлэхээр ажиллаж байна гэж мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ цагаач ажилчдын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, гадаад ажилчдад аюулгүй ажлын орчин бүрдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.