“Lufthansa” 20 мянган нислэгээ цуцлав

Германы агаарын тээврийн компани болох “Lufthansa” энэ зун богино зайн 20 мянган нислэгээ цуцлах болсноо мэдэгдэв. Энэхүү шийдвэр нь шатахууны үнийн огцом өсөлттэй холбоотой бөгөөд Европ доторх зарим нислэг компанийн хувьд “ямар ч ашиггүй” болсон аж.

Онгоцны шатахууны үнэ Ойрхи Дорнодын мөргөлдөөн эхэлснээс хойш хоёр дахин өссөн байна. “Lufthansa”-аас гадна “Air France–KLM” болон “Delta Air Lines” зэрэг бусад агаарын тээврийн компаниуд зардлаа нөхөхийн тулд зарим нислэгээ цуцалж, эсвэл тасалбарын үнээ нэмэгдүүлээд байна. Хэрэв энэ байдал удаан үргэлжилбэл зорчигчдод санхүүгийн дарамт учруулна гэж шинжээчид анхааруулж байна. Европын агаарын тээврийн компаниуд шатахууныхаа бараг 50 хувийг Ойрхи Дорнодоос авдаг. Тэр дундаа шатахууны импорт нь Ормузын хоолойгоор дамждаг бөгөөд мөргөлдөөнөөс болж уг хоолой бараг хаагдаад байна.

“Lufthansa” нислэгүүдээ цуцалснаар ойролцоогоор 40 мянган тонн шатахуун хэмнэнэ гэж мэдэгджээ. Тухайлбал, “CityLine” үйлчилгээг хааж Корк, Штутгарт, Тронхейм зэрэг хэд хэдэн Европын хот руу нислэгээ түр зогсооно. Нислэг нь цуцлагдсан зорчигчдод мөнгийг нь буцаан олгох эсвэл “SWISS International Air Lines”, “Austrian Airlines”, “Brussels Airlines”, “ITA Airways” зэрэг хамтрагч агаарын тээврийн компаниудаар дамжуулан өөр нислэгт шилжүүлэх боломж олгоно.

Үүний зэрэгцээ “International Energy Agency” Европт ойрын хугацаанд нисэх онгоцны шатахууны хомсдол үүсч болзошгүйг анхааруулжээ. Гэсэн хэдий ч Их Британийн засгийн газар болон агаарын тээврийн компаниуд одоогоор нийлүүлэлт хэвийн байна гэж мэдэгдэж байна. Европын холбоо шатахууны нөөц, импорт, экспортын мэдээллийг хянах шинэ систем байгуулж, хомсдол болон үнийн өсөлтийн нөлөөг бууруулахыг зорьж байна. Гэсэн ч “Lufthansa” зорчигчид урт зайн олон улсын нислэгүүдэд үргэлжлүүлэн хамрагдах боломжтой.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн