Титаник хөлөг онгоцны сүйрлээс амьд үлдсэн хүний тухайн үед өмсөж байсан хантааз дуудлага худалдаагаар 904,500 гаруй ам.долларын үнэд хүрч, зарагджээ. Их Британийн дуудлага худалдааны газар болох Хенри Алдридж энд Сон компанийн мэдээлснээр, анх 339 мянган ам.доллараас 474 мянган ам.долларын үнэ хүрэх төлөвтэй байсан энэхүү хантааз нь 1912 оны эмгэнэлт явдлаас үлдсэн цөөн тооны эд зүйлсийн нэг юм.
Үүнийг Титаник хөлөг онгоцны нэгдүгээр зэрэглэлийн зорчигч Лаура Мабел Франкателли өмссөн байжээ.
Титаник нь тухайн үедээ хамгийн том зорчигч тээврийн хөлөг онгоц байсан төдийгүй живэх ямар ч боломжгүй гэж тооцогддог байв. Гэвч 1912 оны дөрөвдүгээр сарын 10-нд далайд гарснаас дөрөв хоногийн дараа шөнийн 23:40 цагт Хойд Атлантын далайд мөсөн уул мөргөснөөр дэлхий нийтийг цочроосон эмгэнэлт явдал болсон юм. Улмаар гурван цаг хүрэхгүйн хугацаанд хөлөг онгоц живсэн бөгөөд ойролцоогоор 2220 хүн амь үрэгдсэн. Зөвхөн 700 орчим хүн л амьд үлдсэн. Франкателли нь загвар зохион бүтээгч Люси Дафф Гордоны нарийн бичгийн дарга байсан. Тэрээр Люси болон түүний нөхөр Космо Дафф Гордонтой хамт Чикаго руу аялж байсан бөгөөд осол болох үед гурвуулаа аврах завинд сууж чадсан байна.
Дуудлага худалдааны газрын гүйцэтгэх захирал Эндрю Алдридж хэлэхдээ, энэ бол золгүй хөлөг онгоцноос дуудлага худалдаанд гарч буй хамгийн алдартай зүйлсийн нэг гэжээ. Мөн “Энэхүү аврах хантааз нь цуглуулагчдын хувьд ганцхан тохиох ховорхон боломж юм. Титаник 114 жилийн өмнө живсэн ч хөлөг дээр байсан 2,200 гаруй хүн бүр өөр өөрийн түүхтэй байсан. Тиймээс хөлгөөс үлдсэн дурсгалт зүйлс тэдгээр түүхийг илэрхийлж байна” гэжээ.