“Apple” компани “iPhone”-ийн таталцлын хүчнээс зугтах шинэ сонголтоо хийв

John Ternus

“Apple” компанийн шинэ гүйцэтгэх захирлаар Жон Тернус томилогдож, Тим Күүк 15 жил удирдсан албан тушаалаасаа буух болжээ. Жон Тернус “Apple”-д 25 жил ажилласан бөгөөд одоогоор Техник хангамжийн инженерчлэлийн албаны даргаар ажиллаж байна. Тэрбээр есдүгээр сарын 1-нээс албан ёсоор ажлаа авна.

Стив Жобс нас барахынхаа өмнөхөн эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаа хүлээлгэн өгч, улмаар Тим Күүк гүйцэтгэх захирал болж байв.

Күүк “Apple”-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан цаг хугацаагаа миний амьдралын хамгийн том завшаан гэж үздэг. Энэ хугацаанд “Apple” компани дэлхийн хамгийн үнэ цэнтэй компаниудын нэг болсон билээ. Тухайлбал, 2018 онд “Apple”-ын үнэлгээ нэг их наяд ам.доллар давж, түүх бүтээсэн. Өдгөө тус компани дөрвөн их наяд ам.доллараар үнэлэгдэж байна. Тернус өнгөрсөн хугацаанд “Apple”-ийн олон чухал бүтээгдэхүүн дээр ажилласан бөгөөд үүнд “iPad”-ын бүх загвар, “iPhone”-ийн цөөнгүй загвар, “AirPods”, “Apple Watch”-ын нэвтрүүлэлт багтана.

Тэрбээр Тим Күүкийг өөрийнхөө ментор гэж нэрлэдэг. Үүний зэрэгцээ Тернус нь Жобсын удирдлага дор ч ажиллаж үзсэн нэгэн.

Харин Тим Күүк шинэ гүйцэтгэх захирал Жон Тернусын талаар хэлэхдээ “Инженер сэтгэлгээтэй, шинийг санаачлагч, шударгаар удирдах зүтгэлтэй удирдагч. Компанийг авч явах хамгийн зөв хүн гэдэг нь ямар ч эргэлзээгүй” гэжээ.

Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Жефф Уильямс өнгөрсөн жил ажлаасаа гарснаар Тернус гүйцэтгэх захирал болох хамгийн өндөр магадлалтай хүнээр нэрлэгдэж эхэлжээ.

Тим Күүк өнгөрсөн хугацаанд “Apple”-ийн жилийн ашгийг дөрөв дахин өсгөж, дэлхий даяар борлуулалтыг асар их тэлсэн ч компанийн бүтээгдэхүүний төрөл бараг өөрчлөгдөөгүй хэвээр. Үндсэндээ “Apple” одоо ч “iPhone”-д тулгуурласан хэвээр учир дараагийн өсөлтийн хөдөлгүүрээ хайж байгаа гэж “Forrester”-ийн шинжээч Дипанжан Чаттержее хэлжээ. Техник хангамжийн инженерчлэлийн суурьтай Тернусыг гүйцэтгэх захирлаар томилсон нь ч үүнтэй холбоотой гэж үзэж байна. Тернус томилогдсоноор компани “iPhone”-д хэт найддаг байдлаас татгалзаж, дэлгэгддэг утас, нүдний шил гэх мэт зүүдэг төхөөрөмж зэргийг түлхүү хөгжүүлж эхэлж магадгүй юм.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн