“IEM Rio” тэмцээний аваргаар Францын “Vitality” баг шалгарлаа. Тэд энэ оны дөрөв дэх цомоо хүртэж, “IEM”-ийн Гранд Сламын эзэд болсноор нэг сая ам.доллар бүхий алтан гулдмайн эзэн болов. Энэ удаад “Vitality” финалд Оросын “Spirit”-ийг 3-0 гэсэн харьцаатай хожиж, “donk”-ийг гар хоосон буцаажээ. Тоглолтын тухайд “Spirit” эхний хоёр мап дээр хожих боломж байсан ч “Mirage” дээр 12-10 гэсэн тэргүүллээ алдаж, “Nuke” дээр 9-6 байх үед “Force” раундад бүдрэв.
Тэмцээний “MVP” буюу “Үнэ цэнтэй тоглогч”-оор Мэтью Хэрбо буюу “ZywOo” тодорсон. Энэ нь түүний замналын 31 дэх “MVP” байв.

Тоглолтын дараа “ZywOo” ярихдаа “Үнэндээ мэдэх юм алга. Олон цомд түрүүлэхээр сонин санагдаж байна. Яг өнгөрсөн жилийн үйл явдлуудыг давтаад байгаа юм шиг. Бид аль хэдийнэ дөрвөн цом хүртчихлээ. Үнэндээ бид зогсохгүй юм шиг байна. Бид багаараа, хувь хүн тал дээрээ ч сайн байна. Энэ эрчээ хадгалж чадна. Гэхдээ үүрд биш ч урт хугацаанд. Сайн тоглож, цом өргөхийн төлөө энэ эрчээ алдахгүй” гэлээ.
Түүний хэлснээр энэ удаагийн тоглолтод “Spirit”-ээс “tN1R” гайхалтай тоглож, багаа манлайлж байсан гэнэ. Мөн багийн шинэ ахлагч “magixx”-ийн тактик, дуудлагууд магтмаар байжээ.
