Япон, Австрали улс хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцов

Япон болон Австрали батлан хамгаалахын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцов. Мөн Австралийн тэнгисийн цэргийн шинэ хөлгүүдийг хамтран бүтээхээр тохиролцлоо. Японы батлан хамгаалахын сайд Коизүми Шинжиро болон Австралийн батлан хамгаалахын сайд Ричард Марлз нар өчигдөр (2026.04.18) Мельбурн хотод ойролцоогоор нэг цаг гаруй хугацаанд уулзсан байна.

Коизүми Австралийн шинэ фрегат хөлгүүдийг хамтран хөгжүүлэх гэрээг сайшаасан. Эдгээр хөлөг нь Японы Тэнгисийн өөрийгөө хамгаалах хүчний сайжруулсан Могами ангиллын хөлөгт суурилсан байх юм. Уулзалтын үеэр сайд нар Австралийн саяхан танилцуулсан үндэсний батлан хамгаалах стратеги болон бүс нутгийн аюулгүй байдлын нөхцөл байдлын талаар санал солилцжээ.

Хэлэлцээний дараа хоёр сайд Австралийн усан онгоц үйлдвэрлэх чадавхыг хөгжүүлэхэд төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг баталгаажуулсан санамж бичигт гарын үсэг зурсан байна. Хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр Коизүми “Австрали Японы хөлгийн загварыг сонгосон нь хоёр улсын батлан хамгаалахын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал алхам боллоо” гэж мэдэгджээ. Тэрбээр мөн Япон улс Австрали, АНУ болон бусад ижил байр суурьтай орнуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлснээр бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд хувь нэмэр оруулна гэж онцолсон байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн