Пап лам дайнд хөрөнгө зардаг удирдагчдыг шүүмжлэв

Дайнд их хэмжээний хөрөнгө зардаг дэлхийн удирдагчдыг Ромын пап Лео хүчтэй шүүмжилж байна. Камерун улсад айлчлах үеэрээ тэрбээр цөөн тооны хүчирхэг, хяналт тавьдаг удирдагчдаас болж дэлхий ертөнц хохирч байна гэж мэдэгдсэн байна. Мөн өөрийн ашиг сонирхлын төлөө зарим хүн бурхны нэрийг барьж хүчирхийлэл үйлдэж байна гэж буруутгажээ.  Түүний энэхүү мэдэгдэл нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай цахим сүлжээнд хүчтэй маргалдсаны дараахан гарч байна. Тухайлбал, пап лам АНУ-ын Иранд явуулж буй цэргийн ажиллагааг шүүмжилсэн нь Трампын дургүйцлийг хүргэсэн. Пап лам энэ мөргөлдөөн үргэлжилбэл бүхэл бүтэн иргэншил сүйрч болзошгүй гэж анхааруулсан.

Тэрбээр өмнө нь Трампын цагаачлалын бодлогыг шүүмжилж байсан. Хариуд нь Трамп “Пап лам ажлаа зөв хийх хэрэгтэй” гэж мэдэгджээ.

Пап лам маргаан үүсгэхийг хүсэхгүй ч энх тайвныг дэмжсээр байх болно гэж хэлсэн байна. Камерунд хэлсэн үгэндээ тэрбээр дайнд тэрбум тэрбумаар мөнгө зарцуулж байхад эрүүл мэнд, боловсрол, сэргээн босголтод хангалттай хөрөнгө байхгүй байгааг буруутгасан. Мөн ямарваа нэгэн зүйлийг устгах нь маш амархан ч сэргээхэд маш их хугацаа шаарддаг гэж онцолжээ. Пап лам Лео Камеруны баруун хойд хэсэг, ялангуяа Баменда хот орчмын хүчирхийллийг дурдсан байна. Энэ бүсэд 6,000 гаруй хүн амиа алдаж, олон хүн орон гэрээсээ дүрвэсэн юм. Пап ламын хэлснээр, байгалийн баялгийг дээрэмдэгчид ашиг орлогоо зэвсэгт зарцуулж, хүчирхийллийг улам үргэлжлүүлж байна.

Тиймээс хүмүүс бие биеэ ах дүү, эгч дүүс шигээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж онцолж, энх тайванд уриалсан байна.

Камерунд 2017 оноос эхлэн англи хэлтэй бүс нутгийн салан тусгаарлагчид засгийн газартай тэмцэж эхэлснээр мөргөлдөөн үүссэн. Пап ламын мэдэгдлийн дараа Сара Муллалли түүнийг дэмжиж, энх тайвны төлөөх уриалгыг нь сайшаасан байна. Пап лам мөн Иран, АНУ, Израилийн хоорондын дайныг “аймшигтай” гэж тодорхойлж, дайныг зөвтгөхөд шашныг ашиглаж болохгүй гэж мэдэгджээ. Трампын шүүмжлэлийг үл харгалзан пап лам дайны эсрэг байр сууриа үргэлжлүүлэн илэрхийлнэ гэж хэлсэн байна. Харин Трамп “Пап лам өөрийн үзэл бодлоо хэлэх эрхтэй. Гэсэн хэдий ч Иран дэлхийд аюул учруулж болзошгүй” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Пап лам одоогоор Африк тивд айлчлал хийж байгаа бөгөөд энэ нь тус тивд католик шашин ихээхэн нөлөөтэйг харуулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн