“Монгол судлалын шинэ эрин-VI” олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ

Улаанбаатар //. “Монгол судлалын шинэ эрин-VI” олон улсын эрдэм шинжилгээний зургаа дахь хурал МУБИС-ийн төв байранд өнөөдөр эхэлээ.

Энэхүү хурал 2004 оноос “Монгол судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал” нэртэй жил бүр зохион байгуулдаг байсан бол 2011 онд “Монгол судлалын шинэ эрин” нэртэй болж, МУБИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны сургууль болон Монгол судлалын хүрээлэнгээс  хоёр жилд нэг удаа  тогтмол зохион байгуулж байна. Тус хурлын нээлтийн үеэр олон улсын монгол судлалын хүрээнд, ялангуяа дотоодын судалгаанд анхаарал хандуулах, бид өөрсдөө хийхгүй бол хэн хийх вэ гэсэн хандлагыг залуу судлаачдад төлөвшүүлэхэд чиглэж байгааг онцлов.

Ардын багш, доктор Ц.Өнөрбаян, “Монголчууд өнө эртнээс Евро-Азийн өргөн уудам нутагт нүүдэллэн амьдарч, түүх, соёлоо бүтээж ирсэн олон угсаатны нэг. Чухамхүү энэ бүс нутагт төдийгүй дэлхийн түүхэнд томоохон хувь нэмэр оруулсан учраас олон улсын монгол судлал гэсэн эрдэм судлал бий болгосон, нүүдэлчдийн жишиг болсон угсаатан. Монгол судлал үүсэх ул мөр Дорно дахинд, тухайлбал, Эртний Хятадын түүхэн сурвалж тэмдэглэлүүд, Өрнө дахинд Марко Поло зэрэг аялагч, жуулчдын тэмдэглэлээс эхлээд түүх, хэл соёлын бүтээлүүдэд тавигдсан байна. Монгол Улсын Монгол судлалын төв бол ШУА, МУИС, МУБИС гэсэн судалгаа, сургалтын гурван байгууллага юм. МУБИС 1951 оноос хойш сургалт эрдэм шинжилгээний ажлынхаа нэг тэргүүлэх чиглэлд монгол судлалын сургалт, судалгааг тавьж ирсний үр дүнд өнөөдөр хэл, түүх, соёл урлаг болон байгалийн ухааны бараг бүх салбарт энэ чиглэлийн судалгааг хийх боломж бүрдсэн” хэмээн илтгэлдээ дурдлаа. 

“Монгол судлалын шинэ эрин-VI” олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээМУБИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Ганболд ярихдаа,  “Монгол судлал маш өргөн хүрээтэй ойлголт бөгөөд хэл, соёл, угсаатны зүй, түүх, аман уламжлал, сүсэг бишрэлийн түүх, эртний судар шастир, уламжлалт бичвэрийн судалгаа зэрэг олон салбарыг хамардаг. Иймд бид судлаачдынхаа мэргэшсэн чадавхад тулгуурлан юу хийж чадахаа тодорхойлж, үйл ажиллагаагаа чиглүүлж байна. МУБИС-ийн эрдэм шинжилгээний хамт олны судалгааны чадавхыг зөв зохион байгуулж чадвал хүчтэй баг бүрдүүлэх боломжтой. Иймээс Монгол судлалын хүрээлэн байгуулагдсан цагаасаа хойш судалгааны ажлыг идэвхжүүлэх, үр өгөөжийг нэмэгдүүлэх, тодорхой ажлыг чанартай хэрэгжүүлж бодит үр дүнд хүргэхийг зорьж байна. Цаашид төрийн бодлогын түвшинд илүү анхаарч, нэгдсэн төлөвлөгөө боловсруулан үе шаттай хэрэгжүүлэх нь зүйтэй. Учир нь Монгол судлалын гол төв нь Монгол Улсад байх ёстой ба энэ чиглэлд дотооддоо анхаарах шаардлагатай” хэмээн дурдлаа.

Энэ үеэр МУБИС томоохон судалгааны байгууллагын хувьд Монгол судлалын чиглэлээр хийж буй ажлаа дэлхийн монгол судлаачдад таниулах, үр дүнгээ хуваалцах чухал үүргийг гүйцэтгэж байна. Тус хурал олон улсын судлаачдыг нэгтгэсэн чухал индэр болж байгааг зохион байгуулагчид тодотгов.

“Монгол судлалын шинэ эрин-VI” олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээӨМБИС-ийн Сонин мэдээллийн дээд сургуулийн доктор Ундрахбулаг, “Энэхүү хуралд “Монгол Улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл дэх БНХАУ-ын тухай мэдээллийн судалгаа” илтгэлээр оролцож байна. 2025 оны хамгийн сүүлийн үеийн судалгаанд тулгуурлан Монгол Улсын иргэд БНХАУ-ын тухай ямар чиглэлийн мэдээллийг түлхүү сонирхож байгаа болон хэвлэл мэдээллийн агуулга, онцлог ямар байгааг судалсан. Судалгааны үр дүнгээс үзэхэд Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын хөгжлийн чиг хандлага нь дэлхийн жишигтэй адил бөгөөд уламжлалт хэрэгсэл болох телевиз, сонин төдийгүй цахим мэдээллийн сайтууд БНХАУ-ын талаарх мэдээллийг өргөн хүрээнд түгээж байна. Судалгаагаар БНХАУ-ын ард иргэдийн өдөр тутмын амьдрал, нийгмийн энгийн дүр төрхийг харуулсан мэдээлэл харьцангуй бага хувь эзэлж байна. Харин хоёр улсын хамтын ажиллагаа, төрийн өндөр түвшний уулзалт зэрэг албан шинжтэй мэдээлэл олон байна. Иймд цаашид хэвлэл мэдээллийн байгууллагууд зөвхөн албан ёсны мэдээллээр хязгаарлагдах бус, иргэдийн сонирхолд нийцсэн, илүү олон талт, гүнзгий агуулгатай мэдээллийг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн зөвлөмжийг дэвшүүлж байна” хэмээн ярилаа.

Маргааш үргэлжлэх тус хурал залуу судлаачдыг ахмад үеийнхэнтэй холбох, харилцан танилцуулах, хамтын ажиллагааг эхлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм. Энэ удаагийн хуралд долоон улсын 153 эрдэмтэн, судлаач биечлэн болон цахимаар оролцож,  зургаан салбар хуралдаанаар 100 гаруй илтгэл хэлэлцүүлж байна. Монголын их, дээд сургуулиудаас 14, гадаадын их, дээд сургуулиудаас 17, дотоодын судалгааны байгууллага, хүрээлэнгүүдээс найм, гадаадын байгууллага, хүрээлэнгүүдээс  есөн байгууллага оролцож байна.

“Монгол судлалын шинэ эрин-VI” олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ

“Монгол судлалын шинэ эрин-VI” олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ

“Монгол судлалын шинэ эрин-VI” олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн