Милан Кортина 2026
Итали улсад удахгүй эхлэх өвлийн олимпын наадам нь нийт 8,495 хавтгай дөрвөлжин миль талбайд болно. Олимпыг хүлээн авах хоёр хот нь болох Милан болон Кортина д’Ампеццо нь хоорондоо 250 миль зайтай.
Газар зүйн хувьд энэ удаагийн олимп хамгийн том талбайг хамарч буй. Хоёр бүс нутгийн 25 цэнгэлдэх, барилга, байгууламжид 16 спортын баг тамирчид хоёр долоо хоног хагасын хугацаанд өрсөлдөнө.
Олимпын тэмцээн, уралдаанууд Италийн хойд хэсгийн дөрвөн том бүс нутагт болно. Тэдгээр нь Милан, Кортина д’Ампеццо, Вальтеллина, Валь ди Фьемме. Тамирчдын зургаан тосгон байгаа бөгөөд тэдгээр нь Милан, Кортина, Антерсельва, Бормио, Ливиньо, Предаццод бий.
Олон улсын олимпын хорооны мэдэгдэлд “Энэ удаагийн олимпоор одоо ашиглагдаж буй цэнгэлдэх, барилга, байгууламжуудыг тултал нь ашиглаж, шинээр бүтээн байгуулалт хийх зардлыг бууруулснаар нүүрстөрөгчийн ялгаралтыг багасгаж байна” гэжээ.
Тэмцээн, уралдаан болох газруудын хоорондын зай хол байгаа учир үзэгчдийн хувьд багагүй хугацааг замд зарцуулахааар болж байна.
Милан: Нээлтийн ёслол, уран гулгалт, хоккей

Милан бол Италийн санхүү, эдийн засгийн төв төдийгүй дэлхийн загвар, дизайны нийслэл билээ. Энэ хот анх удаагаа олимпын наадмын нээлтийг хүлээн авах гэж байна.
Нээлтийн ёслол хоёрдугаар сарын 6-ны өдөр Милан хотын алдарт Сан Сиро цэнгэлдэхэд болно. Хөлбөмбөгийн ариун дагшин сүм гэгддэг тус цэнгэлдэх нь АС Милан болон Интер Милан багуудын гэр билээ. Энэ жил 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа гэдгээрээ онцлогтой.
Уран гулгалт, шорт трейкийн тэмцээнүүд Милан хотын Юнипол Форумд болно. Тус байгууламж нь Милан хотоос хоёр миль хүрэхгүй зайд Ассаго гэх жижиг хотод байрладаг аж.
Хоккейн тоглолтууд Милано Ро мөсөн хоккейн цэнгэлдэх болон олимпод зориулан шинээр барьсан цор ганц байгууламж болох Милано Сантагилиа мөсөн хоккейн цэнгэлдэхэд болно.
Тэшүүрийн уралдаанууд Милан хотын тэшүүрийн цэнгэлдэхэд болно.
Кортина д’Ампеццо: Гулсдаг спортууд болон эмэгтэйчүүдийн уулын цана

Альпийн нурууны үзэсгэлэнт хэсэг болох Доломит уулсын нутагт орших Кортина гэх хот нь өвлийн спорт болон байгалиараа алдартай. Доломитын сувд гэгдэх тус хот өмнө нь 1956 онд өвлийн олимпыг хүлээн авч байсан түүхтэй.
Кёрлинг, бобслей, люг, скелетон, биатлон, уулын цанын тэмцээн, уралдаанууд энэ бүс нутагт болно.
Вальтеллина: Цана, снөүборд, скимо

Вальтеллина хөндий бол цана, бяслаг, дарсаараа алдартай хойд Италийн бүс нутаг бөгөөд Швейцарь улстай хиллэдэг Бормио, Ливиньо гэх хоёр хотод Монголын тамирчин Алтанзулын Ариунбат өрсөлдөнө.
Валь ди Фьемме: Гүйлтийн цана, цанын үсрэлт

Музей, ууланд алхалт, цанын гүйлтээрээ алдартай Италийн Трентино мужийн Валь ди Фьемме хөндийн Тесеро болон Предаццо хотуудад цөөнгүй тэмцээн болно. Монголын гүйлтийн цанын тамирчид болох Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар Тесеро хотод өрсөлдөнө.
Верона: Хаалтын ёслол

Венето бүс нутгийн Верона хот нь Уильям Шекспирийн Ромео, Жульетта хоёроор алдартай. Залуу хосын хайрын түүх бүхэлдээ энэ хотод өрнөдөг. Тэгвэл энэ хотод өвлийн олимпын хаалт болно.
Хаалтын ёслолын үйл ажиллагаа хоёрдугаар сарын 22-ны өдөр Верона хотын олимпын цэнгэдэхэд болно. МЭӨ 30 онд гладиаторуудын тулааныг зохион байгуулдаг байсан Италийн гурав дахь том Ромын амфитеатр гэдгээрээ тус цэнгэлдэх алдартай.
Тус цэнгэлдэхэд гуравдугаар сарын 6-ны өдөр өвлийн паралимпын нээлт болно.