ИСЛАМАБАД, 2026 оны дөрөвдүгээр сарын 11 /ВВС/. АНУ-тай хийх хэлэлцээ явагдах эсэх нь бүтэн өдрийн турш тодорхойгүй байсны эцэст Ираны төлөөлөгчид Исламабад хотод хүрэлцэн ирсэн тухай Ираны төрийн мэдлийн мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ.
Ираны төлөөлөгчдийг парламентын тэргүүн Мохаммад-Багер Галибаф ахалж, бүрэлдэхүүнд нь Гадаад хэргийн сайд Аббас Арагчи, Батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Али-Акбар Ахмадиан, Төв банкны ерөнхийлөгч Абдолнасер Хеммати болон парламентын хэд хэдэн гишүүн оржээ.
Бямба гарагт болох хэлэлцээнд Ираны тал төлөөлөгчдөө илгээх эсэх нь эцсийн мөч хүртэл тодорхойгүй байсан юм. Зарим албаны хүмүүс, тэдний дотор Галибаф мэдэгдэхдээ, Ливанд явуулж буй Израилын цэргийн ажиллагаанаас үүдэн 8-ны өдөр байгуулсан гал зогсоох тохиролцоо хэрэгжихгүй байна гэжээ. Мөн Ираны тал Ормузын хоолойг бүслэн хаасан хэвээр байгаа тул гал зогсоох тохиролцоо үйлчлэх эсэх нь эргэлзээтэй байв.
Америкийн төлөөлөгчдийг дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс ахалж байгаа бөгөөд түүний онгоц Исламабадыг зүглэн нисэж байна.
Өчигдөр орой Пакистаны Ерөнхий сайд Шахбаз Шариф телевизээр үг хэлэхдээ, хямралыг энхийн замаар шийдвэрлэж чадах эсэх нь одоо болох хэлэлцээнээс хамаарна гэлээ.
Баасан гарагт дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс онгоцондоо суухын өмнө хэлэхдээ, хэрвээ иранчууд сайн санаагаар хандвал АНУ гар сунгахад бэлэн байна, харин биднийг хууран мэхлэх гэж оролдох аваас АНУ хүлээж авахгүй гэжээ.