Орос болон Украин улс өчигдөр /2026.04.09/ амь үрэгдсэн цэргүүдийнхээ цогцосыг солилцов. Тухайлбал, оросын албаныхан Украины 1000 цэргийн цогцосыг буцааж өгсөн. Харин Украин 41 орос цэргийн цогцосыг шилжүүлсэн байна. Энэхүү солилцоо нь энэ онд болсон гурав дахь удаагийн солилцоо бөгөөд өмнө нь нэг болон хоёрдугаар сард солилцож байжээ.
Оросын төрийн мэдлийн ТАСС агентлагийн нийтэлсэн бичлэгт хамгаалалтын хувцастай ажилтнууд хил дээрх тусгай цэгт цогцосын уутыг машин хооронд шилжүүлж байгааг харуулжээ.
Цогцос буцаах болон хоригдлууд солилцох нь АНУ-ын зуучлалтай хэлэлцээний хүрээнд хэрэгжиж буй цөөн үр дүнтэй алхмуудын нэг юм. Гэхдээ ийм солилцоонууд энхийн хэлэлцээ эхлэхээс өмнө ч хийгдэж байсан. Олон улсын Улаан загалмайн хороо сар бүр ойролцоогоор 1000 цогцос солилцох ажилд тусалж байгаагаа мэдэгдсэн. Мөн тус өдөр Оросын хүний эрхийн комиссар Татьяна Москалькова хэлэхдээ, хоёр тал томоохон хоригдол солилцох хэлэлцээг бараг тохиролцож дууссан бөгөөд уг хэлэлцээг дөрөвдүгээр сарын 12-нд тохиох Православын Улаан өндөгний баярын өмнөхөн эцэслэх төлөвтэй гэжээ.