УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслөөр АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авав

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилж, өнгөрсөн сарын 9-нд УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр эхлэв.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал дуусаагүй. Тиймээс чуулганы өнөөдрийн хуралдаанд гишүүдийн ирц хангалтгүй байх шиг байна. Мөн УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудлаар биечлэн санал өгөх боломжийг олгох нь зүйтэй хэмээн үзэж, нэг хоногийн завсарлага хүсэж байна” гэлээ.

УИХ-ын дарга С.Бямбацогт уг асуудлаар тус бүлэгт нэг хоногийн завсарлага өгч байгаагаа мэдэгдсэнээр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай тус хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн санал хураалтыг чуулганы ирэх пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар явуулахаар болов. Хуулийн төсөлд,

-Гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан,

-Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн,

-Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татахаар тусгаад буй. Мөн УИХ-ын гишүүн УИХ-ын ээлжит чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд хүрэлцэн ирсэн, ээлжит чуулганы санал хураалтын 70-аас доошгүй хувьд биечлэн оролцсон байх шаардлагатайг тусгасан юм.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж” гэсний дараа “ёс зүйн хэм хэмжээг чандлан сахиж” хэмээн нэмж тусгажээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн