Тоглоомын талбайг аюулгүй болгоход дүүрэг бүр анхаарч ажиллана

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 8 //. Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс санаачлан есөн дүүргийн тоглоомын талбайн аюулгүй байдлыг сайжруулах ажлыг эхлүүлээд байна.

Энэхүү ажил хүүхдийн аюулгүй орчинд тоглох эрхийг хангах зорилготой “Аюулгүй Монгол хүүхэд” төслийн хүрээнд хийж буй. Үүнд,  дүүрэг бүр өөрийн нутаг дэвсгэр дэх тоглоомын талбайн нөхцөл байдалд үнэлгээ хийж, стандарт шаардлага хангахгүй, элэгдэж эвдэрсэн, осол гэмтэл учруулах эрсдэлтэй тоног төхөөрөмжийг үе шаттай шинэчлэх, засварлах ажлыг хэрэгжүүлэх юм.

Мөн тоглоомын талбайн орчны аюулгүй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор гэмтэл бэртлээс сэргийлэх зөөлөвч, хамгаалалтын гадаргууг нэмэгдүүлэх, стандартын шаардлага хангасан тоглоомын хэрэгсэл суурилуулах, хяналтын камер болон гэрэлтүүлгийг сайжруулах, хүүхэд болон эцэг эхчүүдэд зориулсан анхааруулах тэмдэг, мэдээллийг байршуулах зэрэг ажлыг зохион байгуулна.

Энэхүү ажлын үр дүнд хүүхэд эрүүл, аюулгүй орчинд тоглож хөгжих нөхцөл бүрдэж, осол гэмтлийн эрсдэл буурах ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн