“Татьяна” жүжгийн төслийг албан ёсоор хэрэгжүүлж эхэллээ

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 1 //. А.С.Пушкины “Евгений Онегин” зохиолоос сэдэвлэсэн “Татьяна” жүжгийн уран бүтээлийн төсөл албан ёсоор хэрэгжиж эхэллээ.

Тус төслийг Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын эрдмийн театр болон ОХУ-ын Буриад улсын Хоц Намсараевын нэрэмжит Буриадын академик драмын театрын 2026 оны хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх юм. УДЭТ-ын мэдээлснээр, хамтарсан бүтээлийн нээлтийг энэ оны зургаадугаар сард ОХУ-ын Буриад улсын Хоц Намсараевын нэрэмжит Буриадын академик драмын театрын тайзнаа толилуулахаар төлөвлөжээ.

“Татьяна” жүжгийн гол дүрүүдэд Евгений дүрийг жүжигчин Т.Сэргэлэн /СТА/, Татьянагийн дүрийг жүжигчин Б.Золзаяа /СТА/ нар бүтээхээр болж, уран бүтээлчдийн бүрэлдэхүүн ийнхүү баталгаажсан байна. Мөн тус баг дөрөвдүгээр сарын 3-нд ОХУ-ыг зорихоор бэлтгэл ажлаа хангаад байгаа аж.

Монгол, Буриадын театрын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх энэхүү төсөл нь сонгодог зохиолыг орчин үеийн тайзны хэлээр шинэчлэн хүргэх онцгой ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн