Өмнөд Солонгост 19-өөс доош насныхан сэтгэл гутралын эсрэг эм хэрэглэх нь эрс ихэссэнийг сүүлийн үеийн судалгаагаар тогтоожээ. Тодруулбал, сүүлийн таван жилд энэ үзүүлэлт хоёр дахин өссөн байна. Эрүүл мэндийн даатгалын хяналт, үнэлгээний үйлчилгээний тайланд дурдсанаар, 2020 онд 17.85 сая солонгос хүн сэтгэл гутралын эсрэг эм хэрэглэж байсан бол 2025 онд 24.4 сая болж өсчээ. Энэ тоо жил бүр өссөөр 2022 онд 20 сая давсан аж.
Гэвч сэтгэл гутралын эсрэг эм хэрэглэгчдийн насны ангилал дунд хүүхдүүд багагүй хувь эзэлж байгаа нь анхаарал татаж байна. Ес болон түүнээс доош насны хэрэглэгчдийн тоо өнгөрсөн онд 113 мянга хүрсэн нь 2020 оноос 156.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Тэгвэл 10-19 насны хэрэглэгчдийн тоо 565 мянгаас 1.28 сая болж мөн л огцом өсчээ.
20-30 насныхны дунд ч сэтгэл гутралын эсрэг эмийн хэрэглээ өсчээ. Боловсрол, ажлын байр, эдийн засаг зэрэг хүчин зүйлээс шалтгаалаад 20-иод насныхны хэрэглээ 55.9 хувиар, 30-аад насныхны хэрэглээ 74.7 хувиар тус тус өссөн байна. Харин 60 ба түүнээс дээш насныхны хэрэглээ 2020 оноос 21.3 хувиар өсч, 10.5 сая хүрээд байна.
Сэтгэл гутралын эм хэрэглэх шаардлагатай болсон үндсэн 20 онош байгаа аж. Үүний дундаас хамгийн түгээмэл нь “ADHD” анхаарал сулрах эмгэг. Ийм оноштой өвчтөнүүдийн тоо таван жилийн дотор 157 мянгаас 838 мянга болтлоо огцом өсчээ. Хүнд хэлбэрийн стресс, нойргүйдэл, аливаад хэт автах эмгэг зэрэг эмгэгүүдийн улмаас сэтгэл гутралын эм бичүүлэх хувь ч тус тусдаа өссөн байна.