Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг хэлэлцүүллээ

ЭЗХЯ-наас дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Үндэсний аудитын газар, Сангийн яам, Монголбанк, Олон улсын валютын сан, салбарын мэргэжилтэн, эрдэмтэн судлаач, иргэн, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцож, санал солилцон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулахад анхаарах асуудал, цаашид баримтлах бодлогын чиглэлээр харилцан санал солилцсон юм. Мөн эдийн засгийн нөхцөл байдал, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглал, инфляц, Засгийн газрын өрийн өнөөгийн нөхцөл байдал, дунд хугацааны бодлого стратеги, нийгмийн халамжийн сангийн зарцуулалт, цаашдын бодлогын талаар холбогдох байгууллагын төлөөллүүд илтгэл танилцууллаа.

Хэлэлцүүлгийг нээж ЭЗХЯЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү хэлэхдээ, 2025 онд олон улсын эдийн засагт тодорхой бус байдал их байсан ч Засгийн газраас эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг давах, сөрөг нөлөөг багасгах арга хэмжээ авсныг онцлов. Тухайлбал, экспортыг нэмэх, эдийн засгийг тогтворжуулах, төсвийн бүх шатанд сахилга баттай байх, иргэдийн орлогыг хамгаалах, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, төрийн өмчит компаниудын засаглал, үр ашгийг сайжруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлснийг тодотгосон юм.

Үүний үр дүнд 2025 онд эдийн засаг 6.8 хувиар өсөж, нэрлэсэн ДНБ 89.9 их наяд төгрөгт хүрчээ. Гэвч дэлхийн геополитик, Ойрх Дорнодын бүс нутгийн тогтворгүй байдлаас олон улсын санхүүгийн зах зээл, тээвэр логистик, хөрөнгө оруулалтын орчинд тодорхойгүй байдлыг нэмж, манай улсын нийлүүлэлтийн сүлжээ, шатахуун, импортын үнэд сөргөөр нөлөөлөх эрсдэл бий болгож байгааг дурдлаа.

Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг хэлэлцүүллээ

Төсвийн тэлэлтийг хязгаарлахгүй тохиолдолд эдгээр нөхцөл байдал нь экспортын орлого, валютын ханш, инфляц, зээлийн хүүд дарамт учруулж, эрсдэл нэмэхийг анхаарууллаа. Иймд дунд хугацааны төсвийн хүрээг төлөвлөхдөө хариуцлагатай, нарийн тооцоонд тулгуурласан, сахилга баттай бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжихээс гадна эрсдэлийг оновчтой удирдах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, болзошгүй хүндрэлд бэлтгэх бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг тэмдэглэлээ.

Хэлэлцүүлгийн үеэр ЭЗХЯ-ны Макро эдийн засгийн бодлогын газраас Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, дунд хугацааны төлөв байдлын таамаглалыг танилцуулсан юм. Тодруулбал, 2027 онд нүүрс олборлож экспортлох биет хэмжээ өсөх ч үний тогтвортой бус байх магадлалтай, зэсийн баяжмал, төмрийн хүдрийн зах зээлийн үнэ тодорхой хэмжээнд өсөлттэй, тогтвортой байх төлөвтэй. ДНБ-ий өсөлт 2027 онд 5.5, инфляц 7.3 хувь байх магадлалтай. Энэ онд татвар, НӨАТ-ын буцаан олголтыг шатлалтай байлгах хуулийг баталснаас гадна татварын тухай дахин нэг хуулийн төсөл өргөн барьсан байгаа. Энэ хуулийг батлах эсэхээс төсвийн үзүүлэлтүүд хамаарна. Ирэх жилүүдэд төсөв алдагдалтай байх төсөөлөлтэй. Төсвийн зарлагыг танахдаа хойрго байгаа, цаашид танах эсэх нь ч эргэлзээтэйг хэлж байлаа.

Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг хэлэлцүүллээ

ЭЗХЯ-ны Төсвийн хүрээний төлөвлөлтийн хэлтсийн дарга О.Мягмардорж энэ үеэр “Сүүлийн таван жилд экспорт 2 дахин өсөж 15.7 тэрбум ам.долларт хүрч, эдийн засгийн дундаж өсөлт 5.2 хувь болоход хөдөө аж ахуй, уул уурхайн салбар нөлөөлсөн. Энэ оны гуравдугаар сарын байдлаар гэхэд экспорт 4.5 тэрбум ам.долларт хүрчээд байгаа. Дэлхий дахины тодорхой бус нөхцөл байдлыг харгалзан 2027 оны төсвийг даруухан төсөөлөх шаардлагатай”-г хэллээ.

Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг хэлэлцүүллээ

Мөн Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтийн дарга Л.Гантогтох, өнгөрсөн онд манай улсын өрийн үлдэгдэл 40.5 тэрбум, үүнээс Засгийн газрынх 8.7, Монголбанкных 1.1, арилжааны банкуудынх 4, аж ахуйн нэгжүүдийнх 18.1 тэрбум ам.доллар байгааг танилцуулаад, Засгийн газрын өр 2016 онд ДНБ-ий 93 хувь байсан бол өнгөрсөн онд 39.4 хувьд хүрч багассаныг онцлов.

ГБХНХЯ-наас Нийгмийн халамжийн бодлогын газрын дарга Ю.Отгонбилигийн мэдээлснээр, манай улс өнгөрсөн онд нийгмийн халамжид 2.4 их наяд төгрөг зарцуулсан нь ДНБ-ий 2.7 хувийг эзэлж байна. Үүний 72 хувийг хүүхдийн мөнгө болон эх хүүхдийн тэтгэмж зэрэг хүн амын өсөлтийг дэмжихэд зориулжээ. 

Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг хэлэлцүүллээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн