14 настай хүү муж улсын захирагчийн албан тушаалд өрсөлдөнө

ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 28 /Kazinform/. АНУ-ын Вермонт муж улсын захирагчийн албан тушаалд өрсөлдөхөөр дунд сургуулийн сурагч 14 настай хүү нэрээ дэвшүүлсэн бөгөөд түүний нэрийг өрсөлдөгчдийн жагсаалтад оруулжээ.

Стоу хотын нэгэн дунд сургуулийн ахлах ангийн сурагч Дин Рой 8 дугаар ангид байхаасаа улс төрийг сонирхож эхэлсэн бөгөөд муж улсын хууль тогтоох хурлын гишүүний туслахаар ажиллаж байв. Сонгуульд оролцохын тулд тэрбээр Freedom and Unity гэдэг нам байгуулжээ.

Хэдийгээр ялна гэдэгтээ итгэлтэй биш байгаа боловч өөрийнхөө үйлдлээр улс төр лүү залуусын анхаарлыг хандуулж, улс орныг удирдахад тэдний оролцоог идэвхжүүлэх зорилготой гэдгээ Д.Рой мэдэгдсэн байна.    

Тэрбээр ийнхүү нэрээ дэвшүүлсэн нь муж улсын хууль тогтоомжийн онцлогтой холбоотой. Учир нь, Вермонтын Үндсэн хуульд муж улсын захирагчийн албан тушаалд нэр дэвшигчийн насны доод хязгаарыг заагаагүй бөгөөд тус муж улсад дор хаяж дөрвөн жил амьдарсан байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг ажээ. Харин АНУ-ын ихэнх муж улсад 30 нас гэдэг босгыг тогтоосон байна.

Өмнө нь Итан Соннеборн гэдэг хүү захирагчийн албан тушаалд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн боловч праймериз буюу эхний шатны сунгаанд ялагджээ. Харин Д.Рой бол бүх нийтийн санал хураалтад шууд өрсөлдөх анхны насанд хүрээгүй хүн юм.  

Шинжээчид түүнийг ялна гэдэгт мэдээж эргэлзэж байгаа. Харин муж улсын захирагч Фил Скотт түүний улс төрийн амбицийг дэмжсэний зэрэгцээ муж улсыг удирдахад Ройд туршлага дутагдана гэжээ.

Д.Рой хэлэхдээ, нэр дэвшихэд нас саад болох ёсгүй, улс төрийн үйл явцад залуучууд нөлөөлж чадна гэдгийг батлан харуулах нь миний гол зорилго гэлээ.  

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн